Энэ сарын 25-ны өдөр буюу өнгөрөгч лхагва гарагт Азербайжаны Баку хотоос Оросын өмнөд хэсгийн Грозный хотыг чиглэн явж байсан "Embraer 190” зорчигч тээврийн онгоцыг Казахстаны бүс нутагт ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах алба Украины нисгэгчгүй довтолгооны онгоцтой андууран буудаж, улмаар 67 хүний 38 нь газар дээрээ амиа алдсан харамсалтай осол гарсан билээ.
Тус бүс нутагт Украины нисгэгчгүй онгоцууд удаа дараа халдлага үйлдэж байсан учраас андуурч буудан зорчигч тээвэрлэж явсан онгоцыг буудсан нь сумны олон тооны нүхнээс илхэн болсон билээ.
Тэгвэл Азербайжаны Засгийн газар онгоц гадны биетийн улмаас замаас хазайсан хэмээн мэдэгдсэн бөгөөд Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев Оросоос гэм буруугаа хүлээж, буруутайг нь шийтгэж, нөхөн төлбөр төлөхийг шаардсан байна.
Тэрбээр, "Онгоцыг Оросын талаас буудсан гэж тодорхой хэлж чадна. Тиймээс ОХУ-ын талаас уучлалт гуйж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөөс гадна буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой. Онгоцны ослыг дарах гэсэн, бодит байдалд нийцэхгүй тайлбар хийж байгаа Оросын эрх баригчдын үйлдэлд сэтгэл дундуур байна. Грозный хот орчим газраас ил гал нээж онгоцны сүүл хэсгийг ихэд гэмтээсэн, бараг жолоодлогогүй болгосон, GPS унтраасан" хэмээн Азербайжаны телевизэд ярилцлага өгөхдөө ярьжээ.