Хэнтий аймгийн цагдаагийн газарт “Задгай хашаанд хүн дайруулж нас барсан” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад иргэн Х согтуу үедээ суудлын машин жолоодож, ухрахдаа 52 настай иргэнийг дайрч амийг нь хохироожээ.
Энэ хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Мөн өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр II багийн нутагт зам тээврийн осол гарч хоёр хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсаныг гаргах шаардлагатай байна гэсэн дуудлага өчигдөр 18:25 цагт иржээ.
Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлыг хэлтсийн 80 дугаар ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид очиход, "Bongo3" болон "Prius" загварын авто машинууд мөргөлдөж "Bongo3"-ын жолооч 56 настай эрэгтэйн зүүн хөл хугарсан, Prius автомашины зорчигч 44 настай эмэгтэй амиа алдсан байжээ.