Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга нар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, Ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гарагт зохион байгуулна гэлээ. Тодруулбал, энэ долоо хоногийн лхагва гарагт буюу 01 дүгээр сарын 15-ны өдөр “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт дэд хэлэлцүүлгийг хийнэ.
Хэлэлцүүлгээр агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны тоймуудаас гадна ургийн хөгжилд үзүүлж буй нөлөө, хавдрын шалтгаан болж байгаа эсэх талаарх нотолгоо, баримт мэдээллийг сонсох юм байна.
Мөн ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу 01 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцүүлгийг “Зуух, түлшний хяналт, стандартын асуудал”, улмаар 29-ний өдрийн гуравдахь дэд хэлэлцүүлгийг “Эрх зүйн орчин, санхүү, хариуцлага” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар тус тус төлөвлөжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.