Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Говьсүмбэр аймагт ажиллаж, тус аймгийн салбар зөвлөлийн хуралд оролцон анхаарах шаардлагатай зарим хууль, журмын тухай мэдээлэл өгч, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл сонсож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Мөн тус аймгийн Цагдаагийн хэлтэс, эрүүлжүүлэх саатуулах баривчлах байр, түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа.
Говьсүмбэр аймгийн салбар зөвлөл 2024 онд аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр таван зорилго 10 зорилтын хүрээнд 36 ажил арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө баталж, биелэлт жилийн эцсийн байдлаар 97.2 хувьтай хэрэгжжээ.
Хүүхдийн хөгжил, хамгаалалтай холбоотой суурь үзүүлэлт, салбаруудын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулж, хүүхдэд чиглэсэн ажил, үйлчилгээний чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, тэдний аж байдалд ахиц өөрчлөлт гаргах зорилгоор 2025 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил” болгон зарлахаар төлөвлөж, үүнтэй уялдуулан энэ оны ажлын төлөвлөгөөгөө боловсруулж байгаагаа мэдэгдлээ.
Говьсүмбэр аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргаар аймгийн ИТХ-ын дарга, Нарийн бичгийн даргаар ИТХ-ын Хууль, эрх зүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, 17 гишүүнээр аймгийн Засаг даргын Тамгын газар, Прокурорын газар, Шүүхийн Тамгын газар, Онцгой байдлын газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425-р нээлттэй хорих анги, Тагнуулын хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс, Авто тээврийн төв, Аймгийн Өмгөөлөгчдийн холбооны тэргүүн, дарга нар, иргэний төлөөлөл ажилладаг.