Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүл Монгол хүн хөдөлгөөний хүрээнд “Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв” өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв”-д ажиллалаа. Энэ үеэр Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангаас тус төвд шаардлагатай зарим техник хэрэгслийг хүлээлгэн өглөө.
Энэ төв архинд донтох эмгэгийн улмаас сэтгэц, зан төрх, амьдрах ухаан, харилцаа, хөдөлмөрийн болон оюуны алдагдсан чадварыг нөхөн сэргээх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Мөн архинд донтох эмгэгтэй хүн гэр бүлийн хамт сэтгэл заслын үйлчилгээ авч болно.
“Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв”-өөс дараах төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.
-Архины донтох эмгэгийн оношилгоо
-Сэтгэл зүйн зөвлөгөө
- Урам зориг сэдэлжүүлэлт
-12 алхамд суурилсан Миннесота сэтгэл заслын хөтөлбөр
-Танин мэдэхүй, зан үйлийг өөрчлөх сэтгэл заслын эмчилгээ
-Хандлагаар анагаахуй заслын хөтөлбөр
-Хөдөлмөр засал, ном, хөгжим, орчин, арт терапи зэрэг заслын эмчилгээ
-Иог, бясалгал болон ховс эмчилгээ
-Туслах болон дэмжих бүлгийн үйлчилгээ
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар орж авна уу.
Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв