ЭМДҮЗ-ийн зарим тогтоолд орсон өөрчлөлт шинэчлэлийн талаар ойлголт мэдээлэл өгөх сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2023 оны 10, 2024 оны 05, 06 дугаар тогтоолын шинэчлэлийн төслийг гэрээ бүхий анхан болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад танилцуулж, нэгдсэн нэг ойлголт өгөх төлөвлөгөөт сургалтыг 1 дүгээр сарын 16-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад ЭМДЕГ-тай гэрээ бүхий төрийн болон хувийн хэвшлийн 500 гаруй эрүүл мэндийн байгууллагын 1100 гаруй удирдлага, эмч мэргэжилтнүүдийг танхим болон цахимаар оролцуулж тогтоолын шинэчилсэн төсөл болон санхүүжүүлэх журмын зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн энэ үеэр тогтоолын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд цахим хөгжүүлэлт, санхүүжилттэй холбоотой эмч, мэргэжилтнүүдэд тулгарч болзошгүй хүндрэлийг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө өгч, цаашид хамтын үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар ярилцаж, санал солилцсон юм.
Сургалтыг үе шаттай зохион байгуулах нь оролцогчдод өөрчлөлтийн талаар шат дараалсан мэдээлэл өгч, тэдний ойлголтыг гүнзгийрүүлэн, хэрэгжилтийг амжилттай хангуулах боломжийг олгодог давуу талтай.