ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Үүрийнтуяа: Авлига авсан нь нотлогдвол хариуцлага хүлээхэд бэлэн байна

O.Admin
7 цагийн өмнө

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2012-2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Үүрийнтуяа, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган нар Францын талаас гурван тусгай зөвшөөрөл гаргаж өгөхийн тулд 1.2 сая евро буюу таван сая ам.долларын авлига авсан гэх асуудал өнөөдөр шуугиан тариад байгаа билээ.

Францын санхүүгийн прокурорын байгууллага тус компанийн хоёр ажилтанг Монголын төрийн өндөр албан тушаалтанд авлига өгсөн гэх хэргээр яллаж, 4.8 сая еврогийн торгууль ногдуулсан гэдгийг мэдэгдээд буй. Тэгвэл уг асуудалд нэр холбогдсон Д.Үүрийнтуяа энэ талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Надад Францын “Арева” компанитай 100 төгрөгийн ч асуудал байхгүй. Хэрвээ тийм асуудал байсан бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Цөмийн энергийн газар байхад цацраг идэвхит ашигт малтмалын асуудал тэнд харьяалагдаж байгаад татан буугдсаны дараа Ашигт малтмалын ерөнхий газарт ирсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлүүдээс эрхзүйн хувьд асуудалгүй байсан гурван тусгай зөвшөөрлийг олгосон. Ганц миний мэдээд олгочихдог юм биш.

Цөмийн энергийн комисс, Тагнуул, Мэргэжлийн хяналт гээд байгууллагуудын дүгнэлтийг үндэслэдэг. Тэр дүгнэлтүүд дээр үндэслэн тусгай зөвшөөрлийг өгсөн. Шар нунтгийн түвшинд уран олборлох нь асуудалгүй гэсэн дүгнэлт гарснаар бид зөвшөөрөл олгож, өнөөдөр энэ гэрээ хөдлөөд явж байна. Надаас ямар нэг тайлбар авахгүйгээр Франц улсад шүүхийн шийдвэр гарчихсан гэхэд итгэхгүй байна. Үнэхээр ийм байгаа бол Францаас ирсэн мэдээллээ ил болгоно уу. АТГ, Прокурорын дүгнэлтийг ил болгооч.

Би өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахаас гадна хоёр ч удаа УИХ-д дэвшлээ. Тэр болгонд авлига, ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн дүгнэлтийг АТГ-аас гаргаж өгч байсан. Тэгэхээр Н.Учрал миний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц үндэслэлгүй мэдээлэл цацсан учраас би хууль хяналтын байгууллагад хандана. Намайг тухайн үед ажлаа өгсний дараа хилийн хориг тавьж, шалгаж байсан ч ямар ч асуудал үүсээгүй учраас өнөө хүртэл би төрийн хариуцлагатай албан тушаал хашиж ирлээ. Би шүүгч, мөрдөн байцаагч биш. Надад байр авсан асуудал байхгүй. Шүүхээр шийдвэр гарсны дараа хэн нэгнийг буруутай гэж үзэх ёстой болов уу. Уул уурхайн яаманд сайд, Дэд сайдын чиг үүргийн дор ажиллаж байсан ч надад ямар нэг байдлаар лиценз олго гэх мэт дарамт учруулж байгаагүй. Би зөвхөн өөрийнхөө хариуцсан ажлыг хийж байсан" гэлээ.