ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж говийн бүсэд ажиллав

O.Admin
2 цагийн өмнө

Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж байнгын хорооны гишүүдийн хамтаар Гашуунсухайт ганц мод, хил холболтын терминал, төмөр замын бүтээн байгуулалт, Тавантолгой, Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

Ил уурхай, гүний уурхай, Баяжуулах үйлдвэр зэргээр орж аж ахуйн нэгжийн удирдлагууд болон Өмнөговь аймаг, Ханбогд, Цогтцэций сумын удирдлагуудтай уулзалт хийж тулгамдсан асуудлыг ярилцсан юм. Байнгын хорооны гишүүдийн хамт Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны бүрэлдэхүүн хамтарч ажиллав.

Орон нутгийн иргэд, уул уурхайн ажилчдын нийгмийн асуудал, эрүүл мэнд, байгаль орчны асуудал, орон нутгийн давуу боломж, хөгжил дэвшилд оруулах хувь нэмэр зэрэг бодлогын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

Хамтарсан Засгийн газрын том төслүүд хэрэгжихэд харилцан ашигтай байх зарчмыг газар дээр нь шийдвэрлэх нь чухал гэдгийг гишүүд хөндсөн. Хамгийн чухал нь том төслүүд хэрэгжих явцад говь руу ус татах зайлшгүй шаардлага бий болсон тул УИХ, Засгийн газрын түвшинд тодорхой алхамуудыг хийж эхэлснийг танилцууллаа.

Өмнөговь аймаг улсын төсөвт хамгийн их төсөв бүрдүүлдэг аймаг боловч төсвийн хөрөнгө оруулалтаас үүдэлтэй бэрхшээлүүд байсаар байна. Тухайлбал улсын төсөв бүрдүүлэхэд хамгийн том үүрэг гүйцэтгэдэг Цогтцэций сумын сургууль нурж, хүүхдүүд сурах орчингүй байгаа аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн сургуулийн барилга барих ажил нь таван жил гацсан.

Уул уурхайгаас үүдэлтэй тоосжилт жил ирэх тусам нэмэгдэж, орон нутгийн иргэдийн харшлын өвчлөл, малын мах арьс үс зэрэг нь халдварт өвчин үүсгэх шалтгаан болж байгаа гэв. Энэ удаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 25 гишүүнээс есөн гишүүний бүрэлдэхүүн орон нутагт ажиллаж, нөхцөл байдалд тохирсон асуудлаар холбогдох байгууллагуудад чиглэл хүргүүлэхээр боллоо.