ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт санал өгөх” үйлчилгээг цахимаар авдаг болов

O.Admin
4 цагийн өмнө

 “И-Монгол академи” УТҮГ нь Үндэсний аудитын газартай хамтран төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт санал өгөх үйлчилгээг цахимжуулж И-Монголиа системийн хамтарч буй 88 дахь байгууллага болж байна. Тус үйлчилгээг цахимжуулснаар Монгол Улсын иргэн бүр цаг хугацаа орон зайг үл хамааран хаанаас ч өөрийн саналаа өгөх боломж бүрдэхээс гадна иргэн та өөрийн саналаа өгснөөр иргэдийн амьдралыг сайжруулах, нөлөөлж буй хүчин зүйл, чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм.

Төрийн аудитын сэдэв нь төрийн үйлчилгээ, үйл явц, хуулийн хэрэгжилт зэрэг төрийн анхаарлаа хандуулдаг тодорхой салбар эсвэл асуудал юм. Төрийн аудит “юуны тухай”, “ямар асуултад хариулах” зорилготой хийгдэхээс шалтгаалж тодорхойлогдоно. Энгийнээр хэлбэл, төрийн аудитын сэдэв нь аудиторууд төрийн нөөцийг хариуцлагатай, үр дүнтэй ашиглаж байгаа эсэхийг шалгах ёстой асуудал юм.

Төрийн аудитын тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд Санхүүгийн тайлангийн аудит, Гүйцэтгэлийн аудит, Нийцлийн аудитыг Төрийн аудитын байгууллага нь аудитыг нэгдсэн, хамтарсан, зэрэгцээ, баталгаажуулах, мэдээллийн технологийн болон бусад хэлбэрээр хийх гэж заасан байдаг.

Санхүүгийн тайлангийн аудит, Гүйцэтгэлийн аудит, Нийцлийн аудитын төлөвлөлтийн үед Монгол Улсын Ерөнхий аудитор аудитын сэдвийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулж, шийдвэрлүүлдэг бөгөөд хуульд заасны дагуу гүйцэтгэдэг аудитаас бусад аудитын сэдвийг батлахдаа дараах хүчин зүйлийг үндэслэдэг.

Үүнд:

  • Тухайн сэдвээр урьдчилсан судалгаа, тооцоолол хийгдсэн байх;

  • Төсөв, санхүү, хугацаа болон хүний нөөцийн чадавхтай байх;

  • Иргэд, олон нийтийн анхааралд байгаа үнэн зөв хариу хүссэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал байх;

  • Төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт санал авах хугацаанд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал;

Аудитын сэдэвт санал өгөхийн тулд иргэн та өөрийн бүртгэлтэй хаягаар E-Mongolia системд нэвтрэн орж үйлчилгээнүүд хэсэгт “Төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт санал өгөх” үйлчилгээг сонгон сэдвийн хамрах хүрээ болон бусад талбарыг бөглөн саналаа өгөх боломжтой.

Төрийн үйлчилгээний хариуцлагатай байдал нь иргэдэд, нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ.