Өнгөрсөн зунаас нийслэл хотод “Ю байк” унадаг дугуйн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлсэн билээ. “Ю байк” төсөл нь авто замын түгжрэлийг бууруулах цогц ажлын нэг болохоос гадна иргэдийн эрүүл мэндийг дэмжих, цаг завыг нь хэмнэх давхар ач холбогдолтой арга хэмжээ болж чадсан.
Харин өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд төслийн II шат буюу ирэх оны тавдугаар сараас хэрэгжиж эхлэх “Ю Скүүтэр” түрээсийн мопедийг танилцууллаа. “Ю скүүтэр” төсөл нь 100 хувийн цахилгаан тэжээлт мопед түрээсийн үйлчилгээ юм. Дэлхийн орчин үеийн хотууд нийтийн тээврийн үйлчилгээнд дөнгөж нэвтрүүлж эхлээд байгаа шинэ үйлчилгээ гэдгээрээ онцлог юм байна.
Хотын дарга мопед танилцуулах үеэр “Улаанбаатар хот дэлхий дээрх 455 метрополитан хотын нэг гэдэг утгаараа орчин үеийн энэхүү шинэлэг үйлчилгээг нийтийн тээвэртээ ирэх оны тавдугаар сараас нэвтрүүлж эхлэхэд бэлэн боллоо. “Ю скүүтэр” төсөл нь 100 хувь байгаль орчинд ээлтэй, цахилгаан тэжээлт технологийн шийдлийг ашигласан гэдгээрээ давуу талтай” гэдгийг онцолсон юм.
Ю Скүүтэр нь нэг цэнэглэлтээрээ 20-30км замыг туулж, 25 км цаг хурдлах хүчин чадалтай. “Юбайк” түрээсийн дугуйн үйлчилгээний нэгэн адил гар утасны аппликейшн ашиглан үйлчилгээ авах юм.
Дэлхийн 75 орны 4000 гаруй хотод, гадна зар сурталчилгаа болон нийтийн тээвэр, дугуйн зогсоолын байгууламжийн үйлчилгээ эрхлэгч “Жи Си Дэкау” компани Ю Скүүтэрийн зогсоолыг барьж гүйцэтгэх аж. Ю Байк, Ю Скүүтэр зэрэгцэн байрлуулах боломжтой, нарны цахилгаан тэжээлийн эх үүсвэртэй байгууламж байх ажээ.
Улаанбаатар хотод ирэх зунаас хэрэгжиж эхлэх цахилгаан скүүтэрийн түрээсийн үйлчилгээ анх 2012 онд АНУ-ын Сан франциско хотод нэвтэрч эхэлсэн бөгөөд 2017 оноос Европын томоохон хотуудын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрч эхлээд байна.