ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Одбаяр: Миний амьдрал бүрхэг болчихлоо

O.Admin
3 цагийн өмнө

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гэр бүлийн таван хүн болон тус айлд хонохоор ирсэн хамаатны охин буюу нийт зургаан хүн угаартсаны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл энэ гэр бүлээс цор ганцаар амьд үлдсэн цэрэгт явсан байсан 18 настай хүү өнөөдөр хэвлэлд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Миний дүү тайван байгаарай гээд гэртээ орсны дараа ээж, дүү нар маань өнгөрсөн гэж хэлсэн. Бас манай хамаатны ахын охин байсан юм билээ. Ухаан санаа самуурчих шиг л болсон. Маш их харамсалтай байна. Миний амьдрал бүрхэг болчихлоо. Түүхий нүүрс түлдэг байхад хүмүүс угаартлаа гэж сонсогддоггүй байсан. Гэтэл шахмал түлшнээс болж маш олон хүн угаартаж амиа алдаж байна шүү дээ. 

Дүү нар маань юу ч мэдэхгүй хүүхдүүд шүү дээ. Манай ах, эгчээс цагдаа нар олон цагаар мэдүүлэг аваад, хэвлэлийнхэнд юу ч хэлж болохгүй гээд гарын үсэг зуруулсан байна лээ. Тиймээс тэд яриа өгч болохгүй гэж хэлсэн. Би одоогоор тийм бичиг баримтад гарын үсэг зураагүй. Надад хуулийн хариуцлага ярих байсан ч би үгээ хэлэх болно.

Хамгийн том дүү маань коллеж төгсөх гэж байсан юм. Жүжигчин болохыг хүсдэг байсан. Дүүг минь онц сурч хүссэн мэргэжлээ авах боломжтой гэдгийг багш нар хэлж байсан. Дунд дуу гуравдугаар ангийн, бага дүү нэгдүгээр ангийн сурагч байсан. Ах нь ирээд үсэглэлийн баярыг нь хийж өгнө гэж ярьж байсан. Ээж, дүү нартайгаа хамгийн сүүлд Увсын Баруунтуруунаас Сүхбаатар руу шилжихдээ уулзсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ээжтэйгээ утсаар ярихад "Миний хүү удахгүй эхнэр авах нь дээ" гэж ярьж байсан. Ирээдүйн тухай сайхнаар ярьдаг байлаа. 42-хон настай цэл залуугаараа байсан юм шүү дээ. 

Бусад айлуудад ч ийм хар толбо битгий учраасай. Нүүрс түлээд угаартаж үхэж байна. Уушгины хавдар тусаж байна. Амьдрал улам доройтсоор байна. Амьдрахад бэрх боллоо. Манай ээж нэгэн хувийн байгууллагад үйлчлэгчийн ажил хийдэг байсан. Ээж биднийг хүний дайтай өсгөсөн. Тэдний задлангийн хариу гараагүй байна. Сарын дараа гарна гэсэн. Би гэрийнхнийхээ төлөө чадах бүхнээ хийнэ. Хуульчдаас тусламж авахад нээлттэй, бэлэн байна. 

Оршуулгийн зардалд улсаас таван сая төгрөг өгсөн. Миний цэргээс халагдах тушаал удахгүй ирнэ. Цаашид энэ асуудалд үргэлжлүүлэн байх сууриа илэрхийлнэ. Төрийн эрх баригчид анхааралдаа аваасай гэж хүсч байна. Би гомдолтой байна" хэмээжээ.