ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Жинхэнэ нүүрсний хулгай энэ байна хэмээн Засгийн газрын тэмдэглэлийг ил болгов

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
14 цагийн өмнө

УИХ-ын дарга асан З.Энхболд нүүрсний хулгайн асуудлаарх ноцтой баримтыг ил болголоо. Тэрбээр, "Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хууль бусаар Таван толгойн ордын хамгийн баян нэг толгойг (ордыг) Ухаа худгийг хувьчилж авсан байдаг. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд бол улсын төрийн өмч. Төрийн өмчийг хувьчлах бол өмч хувьчлалын хуулийн дагуу УИХ, Засгийн газрын шийдвэр тогтоол гарах ёстой. Тэр тусмаа нийт Монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгч болохгүй.

Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч "Эрдэнэс Таван толгой" ХК-д буцааж өгч, шударга ёсыг тогтоох ёстой.

Түүх сөхвөл Таван толгойн нүүрсний орд таван ширхэг толгой гэж нэрлэгдэх ЦАНХИ, УХАА ХУДАГ, БОРТЭЭГ, ОНЧ ХАРААТ, БОР ТОЛГОЙ гэсэн таван бүлэг ордоос бүрддэг байлаа. Сүүлд хийсэн хайгуулаар ООРЦОГ нэмэгдэж зургаан орд болсон. 1930 оноос эхлэн нүүрс ухаж, 60 жил судлаж тогтоон 1990 оны 1-р сарын 30-нд ТЭЗҮ нь дууссан байдаг. 460 сая тонн нүүрстэй УХАА ХУДГИЙН ордыг Энержи ресурс компанид үнэгүй өгөх ажиллагаа 1999 оноос эхэлсэн байдаг.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж дуусгаад нийт 7.4 тэрбум тонн нүүрс, үүнээс 70 хувь нь коксжих нүүрс үлдсэн нь эрчим хүчний нүүрстэй Таван толгойн ордын ТЭЗҮ боловсруулаад дууссаны дараа 1999 онд юу ч байхгүй хоосон газар гэж үзээд дээр нь хайгуулын лиценз давхардуулан өгснөөр 60 жил улсаас хөрөнгө зарчихсан хайгуулын үр дүнг нэг ч төгрөг төлөлгүйгээр хувьчилж авсан гэдгээ доор дурдсан гэрээнийхээ 1.1 дээр "Энержи ресурс" компани “… 1999 оноос хайгуул хийх лиценз, 2007 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн …” гэж тодорхой бичжээ.

Ганцхан энэ өгүүлбэр нь 460 сая тонн нүүрсийг хэрхэн хууль бусаар хувьдаа авсныг хөдөлшгүй батлах баримт юм. Өнөөдөр нэг тонн нүүрс газар дээрээ 100$ буюу 345.000 төгрөг, гаргах зардал нь 15$ оос хэтрэхгүй. Жилдээ 15 сая тонн нүүрс олборлодог гэвэл 30 жил ажиллах нөөц байна. Жил бүр 1.275$ тэрбум, төгрөгөөр 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 30 жилдээ 132 их наядын татварын өмнөх ашиг олдог уурхайгаа зүгээр өгчээ. Жинхэнэ нүүрсний хулгай бол энэ л байна" хэмээгээд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ил болгов.