ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан хуралдав

O.Admin
14 цагийн өмнө

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн 2025 оны анхдугаар хуралдаан боллоо.

Хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн 2024 оны санхүүжилтийн тайлан болон 2025 онд санхүүжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөний төслийг тус сангийн Нарийн бичгийн дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл танилцуулан хэлэлцүүлж, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.

Тодруулбал, архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын хөтөлбөр боловсруулах, согтуурах, мансуурах донтой болон дэлгэцэд донтох өвчний хор уршигтай тэмцэхэд зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.

Тус сангийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “УИХ-аас төрийн бодлого болгон баталсан хууль, түүнийг дагалдан бий болсон энэ сангийн үйл ажиллагааг үр ашигтай байлгахад бид хичээн ажиллах ёстой” гэж хуралдааны үед онцлон тэмдэглэлээ.