ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үйлчилгээгээрээ ялгарсан нь үйлчлүүлэгчээ татна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-04

“Инээж чаддаггүй хүн наймаа хийгээд хэрэггүй” гэдэг Хятад ардын зүйр цэцэн үг байдаг.  Монголд наймаа хийж байгаа хүмүүсийн заримд нь өглөө бүр уншуулж баймаар үг. Манайд  янз бүрийн чиглэлээр бизнес хийж, бараа бүтээгдэхүүн зарж байгаа олон хүн бий. Тэр хэмжээгээрээ олон худалдагчтай гэсэн үг. Дэлгүүр бүрт, захад, үйлчилгээний төвүүдэд худалдагч бий. Ихэнх нь инээж сурах нь битгий хэл их зантай. Өглөө дэлгүүр, хоршоо нь онгойхгүй, 10:00-11:00 цаг хүртэл хаалттай.

Арай гэж онгойгоод, хүн бараа, бүтээгдэхүүн авах гээд орж ирэхэд тоохгүй. Ялгаж харилцана. Үнийг нь асуухаар “Наадах чинь их үнэтэй шүү дээ” гэж доромжлох нь ч бий. Жаахан махлагдуу хүн дэлгүүрт нь ороод, хувцас сонирхохоор “Чамд таарахгүй ээ” гээд хялалзаж цэхэлзэх нь холгүй сууна. Зарим нь бүр бараагаа зарах ямар ч сонирхолгүй. Үнэ өртөг асуухаар хариу ч хэлдэггүй. Эсвэл “Чи хэдэн төгрөгт тааруулж авах юм” гэж хүний хэтэвч рүү өнгийнө. Энэ мэт зангаа засмаар байна аа, худалдагч нар минь. Инээж сурахгүй юм аа гэхэд бараагаа зарахад суралцаж, үйлчлүүлэгчээ хүндэтгэх хэрэгтэй шүү дээ.  

Махлаг хүнд “Чамд таарахгүй” гэж хэлэхийн оронд сонирхсон хувцсыг нь үзүүлээд, хэмжээ нь бага зэрэг багадах юм байна гэдгийг нь хэлээд, инээмсэглэж үйлчлээд гаргавал өөр хүн дагуулаад ороод ирнэ. Монголчууд нэг үеэ бодвол боломжтой болчихсон. Хямдхан хувцас, хэрэглэл авах гэж хайхаасаа илүүтэй сайхан үйлчилгээтэй газраар үйлчлүүлэх сонирхолтой. Тийм болохоор хэтэвч рүү нь өнгийж, өмссөн хувцсаар нь ялгаж, “мөнгө чинь хүрэхгүй” гэж хэдэрлэхийн оронд сайхан үйлчилгээгээрээ ялгарч сурах хэрэгтэй байна.