ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

9533 гаруй төсөл хэрэгжүүлж, 14.6 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ

O.Admin
1 өдрийн өмнө

Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр /2025.02.21/ боллоо. Хэлэлцүүлэгт Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл гүйцэтгэгч аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэн оролцсон юм. Сангийн сайд Б.Жавхлан хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016-2024 онд давхардсан тоогоор 9533 гаруй төсөл хэрэгжүүлж, 14.6 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Жилд дунджаар 2500 гаруй ААН-тэй гэрээ байгуулагдаж, 36000 гаруй ажлын байр тогтмол хадгалдаг. Төсвийн хөрөнгө оруулалтын явц, хэрэгжилт, үр дүнг дүгнэж үзэхэд зарим төслүүд олон жил үргэлжилж, их хэмжээний нэмэлт санхүүжилт шаардаж, түүнээс үүссэн дийлэнх эрсдэлийг төр хариуцаж ирсэн байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төслүүдийг хэрэгжүүлэгчид бол хувийн хэвшлийнхэн та бүхэн юм. Энэ утгаараа хөрөнгө оруулалтын бодлого, шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар та бүхэнд танилцуулж, санал солилцох нь зүйтэй гэж үзлээ гэв. Сангийн яамны хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Ж.Дэлгэржаргал, Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн үзэл баримтлал үндсэн 5 зорилтод чиглэж байна.

-Нэгдүгээрт, гадаад зээл, улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт зэргийг оновчтой хуваарилж, хөрөнгө оруулалтын үр ашгийн нэмэгдүүлж, төсвийн ачааллыг бууруулах,

-Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын төсөвт өртгөөс нь шалтгаалж таван түвшинд ангилах

-Гуравдугаарт, хөрөнгө оруулалтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг ойлгомжтой, тодорхой болгох,

-Дөрөвдүгээрт, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөөс эхлээд өмчийг бүртгэх, улмаар ашиглах хэмжээнд хүртэлх бүх үе шатуудыг тодорхой хуульчлах шаардлагатай байна.

-Тавдугаарт нь, дижитал шилжилт буюу хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан эх өгөгдлийг ашиглах зорилт тавьж байна гэв.

Ийнхүү Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн үзэл баримтлалыг танилцуулсны дараа хөрөнгө оруулалтын бодлого, шинэчлэл, тулгамдаж буй асуудлын талаар хувийн хэвшлийнхэн санал, бодлоо илэрхийлсэн юм.