Энэ оны гуравдугаар сард Монголын уламжлалт сар шинийн баяр, “Олон улсын эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах өдөр”, “Монгол цэргийн баяр” гэх мэт баярууд ээлж дараалан болно.
Баяр бүрийн ширээн дээр “Идээний дээд гэх сархад”-ыг нэгэн чимэг болгон тавих нь элбэг. Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэдэг шиг хатуу сархдыг хэтрүүлэн хэрэглэснээс болж зарим хүмүүсийн амьдрал хар бараан түүх, сургамжаар хуудас нэмдэг.
Тухайлбал, Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 15 хувийг буюу 6862 гэмт хэргийг иргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэх тоо мэдээ байсан.
Өнгөрсөн жилийн сар шинийн баяр, амралтын өдрөөр буюу хоёрдугаар сарын 09-өөс 13-ны өдөр хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагад нийт 6525 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнийг өмнөх онтой харьцуулахад дуудлага, мэдээлэл 9.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байв.
Мөн хүний амьд явах эрхийн эсрэг 852 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүний амийг бүрлэсэн 191 гэмт хэрэг бүртгэгджээ. Магадгүй бид согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, ухаанаа алдтал уугаагүй байсан бол эрдэнэт хүний амь нас хохирохгүй байх боломжтой байсан.
Зөвхөн баяр ёслолын үеэр гэлтгүй энгийн өдрүүдэд ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний амь насыг хохироосон хэргүүд гарч байна.
Тодруулбал, энэ сарын 21-ний өдөр орон нутгийн цагдаагийн газарт 70 орчим насны 2 иргэн ахуйн хүрээнд архидан согтуурч байх явцдаа нэгнийхээ амь насыг хохироосон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэ мэт нэгхэн хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад баарны гадаа зодуулсан, хамт архи ууж байсан хүндээ хутгалуулсан, согтуу явж байгаад дээрэмдүүлсэн зэрэг олон хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгддэг. Иймээс та бүхэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.