Боловсролын сайд П.Наранбаяр, Ерөнхий боловсролын газрын дарга М.Цогзолмаа нар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийн талаар мэдээлэл хийлээ.
П.Наранбаяр сайд хэлэхдээ "2025 оны есдүгээр сарын 01-нээс эхлэх хичээлийн жилийн бүтцийг эрт зарлаж, бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор эрт зарлаж байна. Мөн хүүхдийн хичээлийн жилийн амралтуудыг зохицуулах шаардлага байгаа учраас шинэчлэн бүтэц зурлаа. Хөдөө орон нутаг, аймаг, нийслэл гэж ялгаатай гардаг. 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц гурван улирлын бүтцээр явлаа.
Таван долоо хоног бага ангиуд амарсан. Олон жилийн томуу, томуу төст өвчний дэгдэлт, хүйтний үеийг тохируулж хийсэн бүтэц юм. 2025-2026 оны хичээлийн жилд гурван улирлын бүтцээр явна. Гэхдээ амралтыг долоо хоногоор сунгана. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс бага ангиуд амарч, нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт буюу зургаан долоо хоног амрах юм. Түгжрэл буурна, дагаад ханиад томууны дэгдэлт багасна.
Дунд анги нь арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс амарч эхэлнэ. Ахлах ангиуд дундтай хамт амрах ч эхний долоо хоног цахимаар амарна. Зургадугаар сарын 08-наас 12-ны өдрүүдэд шалгалтын долоо хоног гэж зохицуулаад, 15-наас амралт эхлэхээр зохицуулсан. Дөрөвдүгээр сарын эхээр хөдөө орон нутгийн хүүхдүүд хоёр долоо хоног, нийслэлийнх долоо хоног амарна. Сар шинийн баярын өдрүүдийг Засгийн газраас хуулиараа зохицуулаад явах байх аа” хэмээлээ.
Харин өнөө жилийн цагаан сарын амралтаар гурав хоног амарч буй бөгөөд хичээлийг цахимаар эсвэл бие даалтаар нөхөх бөгөөд амралтын өдрүүдэд хичээл нөхөж орохгүй байхаар зохицуулалт хийжээ. Гурав хоногийн хугацаанд хүүхдийг гараас гарт хүлээлгэж өгөх бөгөөд тэр тусмаа дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдэд анхаарал хяналтаа дээшлүүлэхийг сургуулийн удирдлагуудад даалгажээ.