"АНУ-ын шинэ засаг захиргаанаас хууль бус цагаачлалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд тус улсын Цагаачлалын алба болон хууль сахиулах бусад байгууллага хамтран АНУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг саатуулж, албадан буцаах ажиллагааг явуулж байна.
Онц ноцтой гэмт хэргийн түүхтэй, нийгэмд аюул занал учруулж буй хууль бус цагаачдыг эхний ээлжинд саатуулж, албадан гаргаж байгааг холбогдох албаныхан мэдэгдэж байгаа хэдий ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, олон нийтийн газар танхайрах, согтууруулах ундаа хэрэглэх гэх мэт зөрчил гаргасан бичиг баримтын зөрчилтэй гадаадын иргэдийг баривчлах тохиолдол гарч байна.
Иймд та бүхэн АНУ-ын хууль тогтоомжийг чандлан мөрдөж, зөрчил гаргахгүй байхад анхаарна уу" хэмээн АНУ дахь Элчин сайдын яамнаас мэдээлэл гаргалаа.