Засгийн газрын хуралдаанд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн танилцуулгыг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа танилцуулжээ.
Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгад Хөгжлийн банк экспортын орлогыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлогч аж ахуй нэгжүүдийн гадаад зах зээл дэх өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн ажил үйлчилгээг түлхүү үзүүлэхээр туссан байна.
Энэ талаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа мэдээлэхдээ “Хөгжлийн банкнаас сүүлийн үед өөрийн балансын орчныг эрүүл болгох, муу зээлүүдийг төлүүлэх, өглөг авлагыг хэвийн болгохоор эрчимтэй, сайн ажиллаа. Засгийн газрын зүгээс манай дүрмийн санг нэмэгдүүлэх, хууль эрхзүйн шинэ орчныг бүрдүүлэхэд дэмжин ажиллаж байна. Хөгжлийн банкны тухай хуулийн энэхүү төсөл батлагдсанаар илүү олон эх үүсвэрийг гадаад зах зээлээс босгож, шинэ төсөл хөтөлбөрүүдийг хөгжлийн зорилтот зах зээлд чиглүүлж санхүүжүүлэх боломж бүрдэх юм.
Хөгжлийн банкны үйл ажиллагаа, үүрэг, чиглэл институцийн хувьд маш тодорхой байх ёстой. Бид зорилтот зах зээлд оновчтой, үр өгөөжтэй хөрөнгө оруулалт санхүүжилтийг хийнэ. Мэдээж бүх салбарт хөрөнгө оруулах боломжгүй. Зах зээлийн гадаад, дотоод нөхцөл байдлаа тооцож зөвхөн экспортын орлогыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг өсгөхөд хөрөнгө оруулна.
Нөгөөтээгүүр Хөгжлийн банкинд засаглалын том өөрчлөлт хийхээр энэхүү хуулийн төслийг өргөн барьсан. Олон улсын компанийн засаглал, олон улсын комплаенсын менежментийн систем рүү Хөгжлийн банк үе шаттай орж байна.
Өнгөрсөн хугацаанд арилжааны банктай ижил түвшний зээл санхүүжүүлж ирсэн бол одоо зөвхөн хөгжлийн төслийг санхүүжүүлж, түүнд зориулсан эх үүсвэрүүдийг босгодог банк болж өөрчлөгдөж байгаа юм. Тиймээс үйл ажиллагаагаа үүнд чиглүүлэхэд эрх зүйн шинэ зохицуулалт дэмжлэг болно” гэлээ.