УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдсон билээ.
Тодруулбал, 2016-2020 онд ажиллаж байхдаа "Мон дулаан", "Газ импорт", "Бэрэн" компаниудад давуу байдал бий болгон зээл олгуулж, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн Давж заалдах шатны шүүхээс түүнд нийтийн албанд хоёр ажил ажиллах эрхийг нь хасах болон 20 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан.
Гэсэн ч тэр хангайн бүсээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон байсан учраас эгүүлэн татах нөхцөл үүсээд байгаа юм. Гэсэн ч Д.Цогтбаатар гишүүн өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж “Би Үндсэн хууль зөрчөөгүй. Хөгжлийн банкинд жил гаруйн хугацаанд л ажиллаад гарсан. Миний дээд албан тушаалтнууд хэргээс мултарч үлдсэн. Тэд хариуцлага хүлээх ёстой байтал зарим нь хэргээ цагаатгаж, ялгүй хоцорсон нь тэдэнд шүүх өөрөөр үйлчилсэн хэрэг” хэмээн тайлбар өгсөн билээ.
Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооноос Улсын дээд шүүхэд албан бичиг очихтой зэрэгцэн УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаярт хандан ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх хүсэлт хүргүүлжээ. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллах дөрвөн жилийн хугацаа дуусгавар болох үе хүртэл ял эдлэх хугацааг хойшлуулж өгөхийг хүсчээ.