Энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр нэр бүхий цахим хаягаас “Ачилтын компанийн ажилчид бусдыг хэл амаар доромжилсон” гэх агуулга бүхий видео мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг бүртгэлд авч, иргэн “Т”-ийн хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс тухайн иргэний үйлдэлд энэ оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн.
Иргэд та бүхэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг сахин мөрдөж, тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэг, явган хүний гарц, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй хэсэгт зогсоож, түр, удаан зогсоох журам зөрчиж, бусад тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг хүсье.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.