ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Батхуяг: Өвдөлт намдаадаг эмийг судсандаа тарьснаас болж өсвөр насны 13 хүүхэд амиа алдсан

O.Admin
19 цагийн өмнө

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас прокурорын зөвшөөрөлтэй хэргүүдийн талаар өнөөдөр олон нийтэд хандан сэрэмжлүүлэг мэдээлэл өгөв.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг энэ талаар ярихдаа “Хар тамхитай холбоотой нийт 66 гэмт хэрэг бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс дөрөв буюу 5.7 хувиар буурсан. 66 хэргийн 60 нь нийслэлд, зургаа нь орон нутагт бүртгэгдлээ. Дээрх гэмт хэргүүдэд 24 этгээд холбогдсоны 84 хувь нь эрэгтэй, 16 хувь нь эмэгтэй холбогдогч байжээ. Мөн 77 зөрчил бүртгэгдсэн нь 55 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хар тамхитай тэмцэх газар Гаалийн ерөнхий газартай хамтран Монгол Улсын иргэн гадны иргэнтэй хамтран гадаад улсаас мансууруулах синтетик төрлийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад худалдан борлуулж байгаа мэдээллийг авсны дагуу шалгалтын ажиллагаа явуулж, гэмт этгээдийг дайчлан баривчиллаа. Тухайн этгээд нь 510 гр мансууруулах үйлчилгээтэй НҮБ-ын 1971 оны хоёрдугаар конвенцид багтсан 2500 хүнийг нэг удаа мансууруулах хэмжээний хүн тун бодисыг хурааж авлаа. Уг бодис нь сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй. Уг этгээдийг цагдан хорилоо. Энэ төрлийн гэмт хэргээр гадуур шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн ийм этгээд байгаа.

Уг мансууруулах үйлчилгээтэй бодис нь хүн амын удмын санд сөргөөр нөлөөлдөг, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг маш хүчтэй донтуулдаг бодис байгаа юм. Тухайн бодисыг олж авахын тулд гэмт хэрэг ч үйлдэж мэдэх хүчтэй гэсэн үг. Иргэд шунахайн сэдлээр амар хялбар мөнгө олох зорилгоор ийм хэрэгт холбогдож байгаа нь харамсалтай. Мөн ОХУ-аас Алтанбулаг боомтоор дөрвөн монгол иргэн их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эмийг хууль бусаар хилээр нэвтрүүлж, Улаанбаатар хотод орж ирэхэд нь баривчилсан.

Гурван этгээдийг цагдан хорьж, нэг этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ буюу хилээр гарахыг хориглосон. Уг эм нь эмчийн эмийн жороор олгоддог. Гэтэл хүүхэд залуус хууль бусаар олж аван мансуурдаг. Тухайн эм нь өвдөлт намдаах үйлчилгээтэй хоногт нэг удаа хэрэглэдэг ч 5-10 ширхэгээр тарианы уусмалд найруулж судсандаа тарьж хэрэглэснээс болж судасны гадуур тарьж амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулж байна.

2022 оноос хойш энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж эхэлснээс хойш 13 хүүхэд нас барж, 40 гаруй хүүхэд гар, хуруугаа тайруулсан байна. Сүүлийн үед олон гэмт хэргийг манайх илрүүлж, бодисуудыг нь хурааж авч байгаа. Гэсэн ч хар тамхичид алба хаагчдын нэр хүндэд халдах, дайрах, хураасан бодисоо авч зардаг, өөрсдөө хэрэглэдэг, дамладаг гэсэн мэдээллүүд их гарах боллоо. Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдыг улирал бүр шинжилгээнд хамруулдаг. Дотоодын хяналт шалгалтыг маш сайн тавьдаг.

Энэ хүмүүс тангараг өргөөд өдөр шөнөгүй явж байж эдгээр хэргүүдийг илрүүлдэг юм шүү. Хэргийг бүрэн гүйцэд шийдсэний дараа холбогдох удирдлагуудын хяналт дор улирал бүр эд мөрийн баримтаар хураан авсан бодисуудыг устгадаг. Прокурорын хяналт дор ШШГЕГ, Шүүх шинжилгээний алба хаагчдын бүрэлдэхүүн байлцаж устгадаг" гэлээ.