Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд өнгөрсөн 7 хоногт Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчдынхаа саналыг сонслоо. Түр хамгаалах байр, “Тамир” кино театр, хүүхдийн “Тамир” зусланг хариуцдаг. Зөвхөн төлөвлөгөөний дагуу ажиллах биш гэр бүлийн хүрээнд ямар асуудал гарч байна, хүүхэд хамгаалах, хүүхдийн төлөвшил хүмүүжилд зориулсан чимхлүүр олон ажлуудыг санаачилж хийж байгаа нь маш сайхан санагдлаа.
Жишээлбэл гэмт хэрэгт холбогдсон хүүхдээс байцаалт авахдаа гэр бүлийн, хөгжил хамгааллын газарт тусгай тохижуулсан өрөөнд мэдүүлэг авахуулдаг болжээ.
Цагдаагийн газар очиж мэдүүлэг өгөх хүүхдэд зориулсан тохижилттой өрөөнд мэдүүлэг өгөх хоёрын хооронд асар том ялгаа байдаг. Хүүхэд шүүх хуралд орохоор бол цахимаар орох боломжийг ч бүрдүүлсэн байна.Тамир зуслангаа сэргээж орон нутгийн өмчит болгож, цаашид бүсийн хэмжээний зуслан болгох зорилт тавьжээ.
Хүүхэд хамгаалах явуулын үйлчилгээ ажиллуулж, хотын ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж хөдөөгийн малчин айлуудаар танилцуулах аялал зохион байгуулдаг болсон нь хүүхдүүд багаасаа Монгол ахуйтай танилцах боломжийг олгодог болсон.Эрсдэлгүй ирээдүйн төлөө архины эсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болжээ.
Өвөл, хаврын морин уралдаанд хүүхэд унаж уралдуулахыг хориглосны дагуу бүх сумаараа явж уячидтай уулзан, уяач бүртэй гэрээ байгуулсан нь жишиг ажил болжээ.Он гараад бүх сум, баг дээр нийгмийн ажилтнууд ажилладаг болж, хамтарсан багийн үйл ажиллагаа өргөжиж, гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа чанаржиж, үр дүнгээ өгч эхэлжээ.
2022 онд батлагдсан бүтцийн дагуу 22 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байсан ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/89 дүгээр тушаалаар аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн бүтэц, орон тооны хязгаарыг батлахдаа тус газрыг 20 орон тоотой байхаар баталсан тул 2024, 2025 онуудад цалингийн өртэй ажиллаж байгаа юм байна.
Иймд байгууллагын бүтэц орон тоог 24 байхаар өөрчлөн батлуулах мөн түр хамгаалах байр болон Хүүхэд, гэр бүлд чиглэсэн сэтгэл зүйн үйлчилгээ нэн шаардлагатай байдаг тул орон тооны сэтгэл зүйч ажиллуулах, Хүүхдийн ордон ашиглалтад ороход шаардлагатай тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний зардал, орон тоо, тогтмол зардлыг шийдвэрлүүлэх,
Хүүхэд, гэр бүлийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, хурдан морины хүүхдийн эрхийг хамгаалах, шинжээчийн дүгнэлт гаргах зэрэг яаралтай албан хэрэгцээнд ашиглах боломжгүй болсон тул туулах чадвар сайтай автомашин зэрэг хэд хэдэн хүсэлт тавьсан. Хүсэлт бүрийг шийдвэрлэж ажиллана.