УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэд, хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, бүлгийн байр сууриа нэгтгэжээ. Тодруулбал, сурронтой холбоотой насны хязгаар тогтоох хуулийн төслийг УИХ-ын гишүүн П.Батчимэг өргөн барихаар болж, бүлэгтээ мэдээлэл өгсөн бол ноолуурын үнэ ханш, өнөөгийн нөхцөл байдлын талаар Ж.Энхбаяр сайд мэдээлэл өгөх байсан ч өөр ажил давхацсан гэх шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Тэгвэл энэ өдрийн хуралдааны онцлох мэдээлэл нь ОХУ-тай хамтарсан компани байгуулж, Монгол Улсад агаарын түлш нийлүүлэх тухай асуудал байсныг АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл онцоллоо. Тэрбээр, “Энэ асуудлаар АН-ын бүлэг завсарлага авсан байгаа. Маргааш холбогдох байнгын хороод хэлэлцэнэ. Засгийн газар хооронд гэрээг соёрхон баталчихвал асуудлыг цаашаа ярих боломжгүй болно. Тиймээс энэ асуудлаар Ц.Туваан сайдаас тайлбар мэдээлэл нэмэлтээр авлаа. Яагаад, яагаад гэж асуух олон зүйл бий. Зарим нь орчуулгын алдаа ч гэж тайлбарлаж байна. Чингис хаан олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах гэж байгаа агуулга нь нефть нийлүүлэх компаний мэдэлд байна.
Тэгээд ОХУ-ын арбитраар шийднэ гэж тусгачихсан. Энэ хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй асуудал. Завсарлах, буцаах ёстой. Энэ гэрээтэй холбоотой асар олон асуудал байгаа. Нээлттэй эдийн засагтай улс орны хувьд үндэсний аюулгүй байдлаа бодсон ч нефть хангамжийнхаа системийг олон эх үүсвэртэй болгох ёстой баймаар. Зөв бодлого барьж чадвал гурван ч эх үүсвэртэй болох боломж байна. Дотоодын үйлдвэрээ нээх, хоёр хөршөөс авах ёстой атал ганцхан эх үүсвэрээс 20 жилээр авна гэдэг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй ээ. БНХАУ-аас авах боломж байтал дамжуулах эх үүсвэр барихгүй, нарийн царигаар тавих боломж байсаар байтал шийдэхгүй, хаагаад хаячихсан шүү дээ.
Мөн Биржийн хууль гэсэн гоё нэртэй бартерын хуулийг дэмжихгүй. Төр өөрөө шийдэж болох асуудлаа шийдэж чадах атал зарчимгүй гэхэд дэндүү зарчимгүй асуудлыг оруулж ирлээ. Төсвөөс гадуур төрийн өмчит компаниуд бартер нэрээр дураар дургих гэж байна. Тэр тусмаа оффтейк гэрээ буюу урьдчилж зарна гэж тусгасан. Урьдчилж ирээдүйгээсээ мөнгө авна гэдэг бол хэтэрсэн үйлдэл шүү. Өр төлбөрөө харахгүйгээр дураараа мөнгө зээлж авах нь ээ. Бартераар бараа авна гэдэг нь тухайн компани бүх зүйлээ өөрсдөө оруулж ирнэ гэсэн үг. Гэтэл ажиллах хүчин, монгол бизнес эрхлэгч хийгээд үйлдвэрлэгчид яах болж байна вэ. Бид хөрштэйгөө муудалцах асуудал биш. Гэхдээ Монгол Улсын эрх ашиг хаана байна вэ. Хойд, урд хөршийн бодлого шууд нөлөөлөх хоёр гэрээ хэлцэл сая орж ирлээ. Онгоцны түлштэй холбоотой асуудлыг АН-ын бүлэг дэмжихгүй. Зам тээврийн сайд нь энэ асуудлаа ярихгүй яагаад АН-ын сайдыг өмнөө түлхээд байгаа юм бэ” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Биржийн тухай хуулийг бид нүүрсний хулгайтай тэмцэх зорилготой гэж үзсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Тавантолгойн нийт нүүрсний ердөө 20 хувь нь биржээр явж байгаа. Бусад нь дандаа урт хугацааны гэрээгээр явж байгаа. Гэтэл Засгийн газраас биржийн гэрээг улам хумих, бартер буюу бараа солилцоогүй гэрээг оруулж ирсэн нь зарчимгүй явдал юм. Уул уурхайн салбараа нээлттэй, ил тод болгох ёстой атал хумих бодлого явуулж болохгүй. Засгийн газар ухаалаг бодлого гаргах ёстой атал маш олон салбарт ойлгомжгүй шийдвэр гаргаж байгаад гайхаж байна. Ноолуурын салбарт бодлого алга. Ханш өсөөд алга боллоо” хэмээлээ.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Дулааны гуравдугаар цахилгаан станцын маш өндөр дүнтэй ТЭЗҮ боловсруулах хэлэлцээрийг ярьсан. Гэтэл ТЭЗҮ бус барих гэдэг заалт ороод явчихсан. Тэгэхээр гишүүд энэ асуудал Эдийн засгийн болон Аюулгүй байдлын байнгын хороогоор энэ асуудал орж ирэхээр Монгол Улсын эрх ашгийг хамгаалах шаардлагатай байна. Гишүүдэд уриалж байна. Улсынхаа төлөө та бүхэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.
Монгол Улсын эрх ашгийг уландаа гишгэсэн, ОХУ-аас орж ирсэн ДЦС, агаарын түлшийг нийлүүлэх гэрээ мэтийн ийм улс орны эрх ашгийг уландаа гишгэсэн ийм зүйлийг яагаад тулгаж байна вэ. Энэ бол байж боломгүй юм. Зарим улстөрчид бид мөнхийн хөрш учраас энэ асуудалд эсрэг харагдаж болохгүй гэх мэтээр ярьж байна. Гэтэл 35 жилийн өмнө АН-ын залуус ЗХУ-аас хараат байх тэмцлийг эхлүүлсэн биз дээ.
Бид бие даасан хараат, эрх чөлөөт байдаг гэдгийг яагаад хэлж болохгүй байна вэ. Х.Баттулга гэж хүн өнөөдөр яагаад ОХУ-ын энэ мэт гэрээний асуудлаар АН-ын бүлэг дээрээ байр сууриа илэрхийлэхгүй байна вэ. Төгрөг нууртай холбоотой асуудлаар АН-ын гишүүд бүлх залгисан мэт дуугүй байна. Геополитикийн асуудал хүндэрсэн үү гэвэл хүндэрсэн. Гэхдээ улс орны эрх ашгийнхаа төлөө АН-ын гишүүд бат зогсох ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв.