ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сүүлийн таван жилд 2125 иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ

O.Admin
15 цагийн өмнө

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган" Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордны Их танхимд боллоо.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь хүн төвтэй, хөдөлмөрлөх, хөгжих таатай орчин бүрдүүлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, хүний хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт бодлогын шинэчлэл хийж, тогтолцооны реформыг хэрэгжүүлж байна.

Чуулганаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт хийгдсэн бодлогын дүн шинжилгээ, тулгамдсан асуудал, гарц шийдэл, хууль, эрх зүйн болоод тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар танилцуулж, хэлэлцүүлэх юм.

Шинэчлэлийн хүрээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс идэвхтэй урьдчилан сэргийлэх тогтолцоог хөгжүүлж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан иргэд, олон нийтээр хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.

Манай улсад сүүлийн таван жилд 2125 иргэн үйлдвэрлэлийн осолд өртөж, 275 иргэн амь насаа алдсан бол 355 хүн мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болж, энгийн хүмүүсээс дунджаар 8 жилээр богино насалж байгааг мэргэжилтнүүд судалгаагаар тогтоожээ.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирохоос гадна тэдний гэр бүл давхар хохирч мөн байгууллагын бүтээмж буурах цаашлаад улсын нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг учир хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал нь бүх түвшинд зайлшгүй анхаарах асуудлын нэг юм.