УИХ-ын гишүүн С.Жавхлан бухимдалтай явна. Тэрбээр “Гадаадын онгоц ирж, тагнуулын алба Монголд баривчилгаа хийсэн. Галт тэрэг замаас унаж, осолдсон. Яам, тамгын газарт хүн амины хэрэг гарлаа. Орон даяар тог цахилгаан тасарлаа. Их хэмжээний мөнгө айлын гэрээс олдлоо. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаач ээ. Энэ бүхнийг харж тэсэхгүй нь. Чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын үгнээс эрх ашгийн зөрүү харагдсан.
Төрийн гурван өндөрлөгийн нэг нь ч болтугай төр түмэндээ үнэн тайлбар хийх болов уу гэж харлаа, байдаггүй. Дээр хэлсэн зүйлс бол Үндэсний аюулгүй байдлыг хуралдуулах ноцтой шалтгаан. Ийм асуудлыг хажуугаараа өнгөрүүлж, хэлээ хазаад сууж байгаа нь харамсалтай. Улс оронд ийм асуудал үүсээд байхад энд тэндээс зээл л гуйх юм. Хэлээ хазаад суудаг Ерөнхий сайдтай, энд тэндхийн төмөр өргөдөг Ерөнхийлөгчтэй. Та гурав мэдээлэл хийж, энэ нийгмээ зөөлрүүлэх хэрэгтэй” хэмээн бухимдлаа илэрхийлээд амжив.