Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн (EAP) дэд бүтцийн асуудал эрхэлсэн захирал хатагтай Судешна Гош Банержи, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуунтай уулзлаа.
Энэхүү уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн төслүүд, тэдгээрийн үр дүн, цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг өртөгт нь хүргэх талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, салбарт өрсөлдөөн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Талуудын хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банкны ESMAP (Energy Sector Management Assistance Program) хөтөлбөрийн санхүүжилтээр “Монгол Улсын эрчим хүчний салбарын санхүүгийн чадавх” төслийг хэрэгжүүлж, цахилгаан, дулаан хангамжийн нийт зардлыг нарийвчлан тооцож, тарифын шинэчлэл, өртөг зардлыг нөхөх арга замыг тодорхойлох бодлогын суурь судалгааг амжилттай гүйцэтгэсэн. Үнэ тарифын шинэчлэлийн нийгмийн нөлөөлөл, айл өрхийн амьжиргаа, хэрэглээнд үзүүлэх нөлөөллийг судлах, орлого багатай иргэдийг хамгаалах дараагийн шатны судалгаануудыг хийх чиглэлд Дэлхийн банктай өдгөө хамтран ажиллаж байна.
Цаашид “Ногоон шилжилт”-ийг хурдасгах сайн туршлага, зохицуулалтыг илүү сайжруулах, үнэ тарифын шинэчлэлийг амжилттай үргэлжлүүлэх, үнэ тарифын индексжүүлэлтийн аргачлалыг сайжруулах, эрчим хүчний зах зээлийн загвар, урамшуулалт зохицуулалт зэрэг чиглэлүүдээр техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлэх, чадавх бэхжүүлэх, туршлага судлах сургалтуудыг зохион байгуулахаар боллоо.