Уул уурхай, олборлох үйлдвэрлэл нь эрсдэл өндөр ажлын байрт тооцогддог ба 2024 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний 70 хувь нь тус салбараас оношлогдсон байна. Мөн дээрх өвчнөөр өвдөж, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн 50 хувьд нь тоосноос үүдэлтэй өвчлөл зонхилон бүртгэгджээ.
Иймд салбарт ажиллаж буй 75 мянган ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэдний ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна.
Энэ хүрээнд Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн олон нийтийн хэлэлцүүлгийг өчигдөр /2025.05.15/ уул уурхайн салбарынхны дунд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшлийн 40 гаруй төлөөлөл оролцож, хуулийг шинэчлэх болсон үндэслэл, шаардлага, төслийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлтийн үндсэн агуулгатай танилцаж, саналаа илэрхийлсэн.