Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин, ОУХМ А.Баттогтох, Б.Батхишиг нар өнгөрсөн долоо хоногт авиралтаа эхлүүлж, өчигдөр оргилд амжилттай гарсан билээ. Тэд Эверестийн оргилд мөрөө үлдээсэн Монголын 15, 16 дахь уулчин болж байгаа.
Тэгвэл Монголын уулчин Ч.Ариунзул Эверестэд өчигдөр авирч, өнөөдөр өглөө амжилттай гарлаа. Тэрбээр, Эверестийн оргилд гарсан Монголын 17 дахь уулчин болж байна.
Эверестийн оргилд Монголын уулчин (гавьяат тамирчин Г.Өсөхбаяр) анх мөрөө гаргаснаас хойш 20 жил өнгөрсөн ба Эверестийн оргилд мөрөө гаргасан анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа болсон билээ.
Дэлхийн зулайд өмнө нь манай улсаас гавьяат тамирчин Г.Өсөхбаяр (2005 онд), Б.Гангаамаа (2011 онд), ОУХМ С.Бат-Эрдэнэ (2012 онд), Л.Баярсайхан (2012 онд), гавьяат тамирчин Б.Цэвээндаш (2012 онд), ОУХМ Ц.Цогзолмаа (2012 онд), Ж.Бямбасүрэн (2018 онд), Б.Гантулга (2022 онд), О.Золбоохүү (2023 онд), С.Ганхүү (2023 онд), Ц.Гэрэлт-Од (2023 онд), Ц.Анхбаяр (2023 онд) нар амжилттай авиран эсэн мэнд буусан бол Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар (2024 онд) Эверестийн оргилд гарсан боловч буух замдаа харамсалтай нь нас барсан.