НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн танилцууллаа. Хуралдаанаар “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн харьяа охин компани байгуулах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай, Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтаас барилга хасах тухай, Нийслэлийн өмчид 4 цэцэрлэгийн барилга байгууламж бүртгэн авах тухай, Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцлээ. “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн харьяа охин компани байгуулах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай асуудлыг “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцуулав.
2020 оны 06 дугаар сарын 29-д Монгол Улсын Хөгжлийн банк болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан байдаг. Үүний дагуу “Буянт-Ухаа2” хорооллын 972 айлын орон сууцыг энгийн түрээс, түрээслээд өмчлөх, газар чөлөөлөлт хэлбэрээр иргэдтэй гэрээ байгуулж ажилласан байна. Хөгжлийн банкны үндсэн зээлийн дүн 73 тэрбум төгрөг бол үүнээс одоогийн байдлаар 49 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Иймд “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн харьяа охин компани байгуулж улмаар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж тухайн зээлийг барагдуулахаар төлөвлөжээ. Үнэт цаас гаргаснаар Засгийн газрын тогтоолын хэрэгжилт биелнэ, Хөгжлийн банкны зээлийн төлбөрийг төлнө, Иргэдийн орон сууцны төлбөрөө төлөх хугацаа уртасч дарамт багасна, Үл хөдлөх хөрөнгөө банкнаас шилжүүлж авна.
Төлбөр дууссан иргэдийн гэрчилгээ нэр дээр нь гарах боломжтой болно гэдгийг онцоллоо. Тус компанийн хувьд зөвхөн үнэт цаасны чиглэлээр ажиллах учир ямар нэг шинээр ажлын орон тоо, бүтэц бүрдүүлэхгүй гэв. Харин НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Т.Отгонболд, Ч.Батзориг, Э.Энхтөр, Д.Бадарсан, Ж.Энхжаргалан нар заавал охин компани байгуулахгүйгээр НОСК дотроо үнэт цаас гаргах байдлаар асуудлыг шийдэх, хяналтыг хэн тавих зэрэг тодорхой байх хэрэгтэй гэдгийг онцоллоо. Үүний дараа "АНУ СЕРВИС" ХХК-ийн менежментийн гэрээгээр ажиллуулж буй 3 халаалтын зуухыг нийслэлийн өмчийн жагсаалтаас хасах талаар хэлэлцэв. Мөн шинээр баригдсан 343, 267, 201, 6-р цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх талаар хэлэлцэж НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хэлэлцэхийг хорооны гишүүд дэмжлээ.
Хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудал:
-
“Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн харьяа охин компани байгуулах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай,
-
Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтаас барилга хасах тухай,
-
Нийслэлийн өмчид 4 цэцэрлэгийн барилга байгууламж бүртгэн авах тухай,
-
Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай