Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Дүүргийн тээврийн цагдаагийн албанаас иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Сүүлийн жилүүдэд цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ, тэр дундаа хүүхэд, өсвөр үеийнхний дунд цахилгаан дугуй, скүүтэр зэрэг хэрэгслийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байна. Гэвч үүнтэй зэрэгцэн зам тээврийн осолд өртөх, эрүүл мэнд, амь насанд аюул учрах эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг анхаарах шаардлагатай байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн цахилгаан тээврийн хэрэгсэл хүүхдэдээ авч өгөхдөө дараах зүйлсэд онцгой анхаарахыг хүсье.
Үүнд:
-
Хэрэглэж буй цахилгаан тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын чанар, стандартын шаардлагыг хангасан эсэхийг нягтлах;
-
Хүүхдэдээ замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлын талаар тогтмол зааж, дадлагажуулах;
-
Хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч зэрэг хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглүүлж хэвшүүлэх;
-
Нас, биеийн онцлогт тохироогүй, өндөр хурдаар явдаг цахилгаан хэрэгсэл хэрэглэхээс зайлсхийх;
-
Хүүхдүүдийн цахилгаан тээврийн хэрэглээнд байнгын хяналт тавих.
Эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх нь зөвхөн төр, засгийн үүрэг бус, иргэн бүрийн хариуцлага юм. Иймд хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад анхаарч, дээрх зөвлөмжийг мөрдөхийг уриалж байна.
Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдлын 93.0 хувь нь /495/ нь нийслэлд бүртгэгдсэн ба нийт тохиолдлын 91.2 хувь нь /485/ ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
Дүүргийн тээврийн цагдаагийн алба