ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Морьт харвааны морьдыг хулгайлж нядалсан этгээдүүдэд 5-10 жилийн ял онооно

O.Admin
22 цагийн өмнө

Энэ сарын 7-ны өдрийн 19:30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс наадмын үйл ажиллагаанд оролцуулахаар бэлтгэгдэж байсан 18 тооны 5-12 насны адуу алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан аж.

Улмаар 17-29 насны дөрвөн этгээдийг уг гэмт хэрэгт холбогдуулан, шалгалтын ажиллагаа явагдаж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ. Хулгайд алдагдсан морьдыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах мал бойны газар төхөөрсөн, нөхцөл байдал тогтоогдсон гэв.

Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 12-т мал хулгайлах гэмт хэргийг тодорхой хуульчилж өгсөн байдаг. Мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд 5-12 жилийн хугацаатай хорих ял шийтгэдэг билээ.

Тус морьдын эзэн А.Болдбаатар "Хамгийн харамсалтай нь ах дүүс шиг ижилдэн дассан хүлгүүдийг маань миний шавь нараас оролцож хулгайлсан байж болзошгүй байна. Даанч дээ. Маш их итгэж байсан юм. Зөв замд нь оруулах гэж хичээж ирсэн. Хайртай хүлэг морьдынхоо толгойг цусандаа хутгалдсан байгааг хараад хэлэх үг ч олдохгүй уйллаа. Ард нулимстай үлдсэн шавь нартаа юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Маш олон наадам, кино, клипэнд оролцож, дэлхийд Монголын нэрийг гаргаж байсан хүлэгүүд байсан юм. Тэднийгээ олчихно гэж итгэж байснаас ийм хурдан төхөөрчихсөн байна гэж төсөөлсөнгүй.

Морьдыг минь хулгайлсан 19 настай шавь минь есөн настай морьтойгоо Олимпын аварга болох байсан юм шүү дээ. Даанч яав даа. Юу хийж байгаагаа бүрэн таньж ухамсарлаагүй шавь минь төрийн хуулийн дор хүмүүжээд эргээд багш дээрээ ирэхэд хүлээгээд авна шүү. Морьд минь тэнгэрийн хүлгүүд боллоо.

Хамгийн их харамсаж байгаа зүйл бол зүрх сэтгэлээрээ гэрлийн замыг дагаасай гэж хүсч байсан шавь нар минь муу хүмүүсийн ятгалаг, хоронд орчихлоо. Үүнд маш их харамсаж байна. Танай багш нар хэн юм юу юм гэж шрүпддэг тэр хар бараан хүмүүс Тэрэлжид хаустай том том жийптэй нөхдүүд байдаг юм билээ" хэмээн уйлан ярив.