Телеграмаар иргэдийг залилдаг долоон этгээдийг дайчлан баривчилсан хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэгт элсэж, уг бүлгийн аргачлал заавраар манай улсын иргэд рүү гэмт хэрэг үйлдэж буй Монгол Улсын иргэн О нарын долоон этгээдийг дайчлан баривчилжээ.
Мөн энэ сарын 2-ны өдрөөс нэр бүхий таван этгээдэд яллагдагчаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Шалгалтын явцад нэр бүхий иргэдийн байрлаж байсан орон байранд нэгжлэг хийж, гар утас, техник хэрэгсэл, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураажээ. Цаашид үндэстэн дамнасан гэмт бүлэгт элсэж гадаад улсаас манай улсын иргэд рүү хандсан залилангийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийг Интерполоор эрэн сурвалжилж, баривчлах ажлыг үргэлжлүүлэх юм.
Телеграм ашиглаж Монгол Улсын иргэдийг залилж буй гэмт хэрэг 2024 оны долдугаар сараас энэ оны есдүгээр сар хүртэл 1362 бүртгэгдэж, иргэдэд 31.4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Тиймээс иргэд та бүхэн цахим хэтэвч, интернет банкаа бусдад ашиглуулахгүй байх, урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг сэрэмжлүүлье.