ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ШУТИС-ийн оюутан, суралцагчдад ЭМД-ын талаарх ойлголт, мэдээллийг өглөө

O.Admin
2 цагийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан хаагчид есдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд ШУТИС-ийн салбар сургуулиудад ажиллаж, оюутан суралцагчдад эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулах сургалт зохион байгууллаа.

Тус сургуулиас есдүгээр сарыг "Эрүүл мэндийн сар" болгон зарласантай холбоотойгоор зохион байгуулж буй энэхүү сургалтад ШУТИС-ийн төв сургууль, Компьютерийн техник, менежментийн сургууль, Мэдээлэл холбоо технологийн сургууль болон Механик инженерийн сургуулийн нийт 1500 гаруй оюутан, суралцагч хамрагдсан юм.

Сургалтаар Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, түүний хэрэгжилт, даатгуулагчийн эрх, үүрэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөл боломж, мөн шимтгэлээ хэрхэн шалгаж, хялбархан төлөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Оюутнуудын зүгээс спортын гэмтэл (чагтан холбоос тасрах, өвдөгний жийргэвч сэмрэх, ахиллесийн шөрмөс тасрах)-ийн үед ЭМД-аа ашиглах боломжтой эсэх талаар сонирхон асууж байсан бөгөөд ЭМДЕГ-тай гэрээ бүхий улсын болон хувийн эмнэлгүүдэд энэ төрлийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой талаар тайлбарлаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.