УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 54 гишүүнээс өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар 10 хоногийн дотор хэлэлцэх хуулийн хугацааны дагуу хэлэлцэж, уг асуудлыг унагахаас 2 минутын өмнө санал хураалт явуулснаар 64 хувийн саналаар Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болов.
Хуралдаанд нийт 111 гишүүн оролцож, 71 гишүүн огцрох ёстой гэж үзсэнээр тэрбээр бүрэн эрхийн хугацаагаа 120 орчим хоног үргэлжлүүлээд огцорч буй Ерөнхий сайд болов.
Ерөнхий сайд огцрох асуудлыг нь хэлэлцэж буй чуулганы хуралдаанд үг хэлэхдээ “Хууль ялах уу, хулгай ялах уу гэдэг төрийн тамгатай түүхэн сонголтын өмнө та бид зогсож байна. Эв нэгдэл зөвхөн шударга ёсонд үндэслэн тулгуурлах учиртай.
Би бүх Монголыг дээрэмдсэн баялгийн хулгайтай тэмцээд, эмч, багшийн цалин, ахмадын тэтгэврийг өсгөх гэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон. Монгол эх оронд минь хулгай дээрэм бус хууль ёс ялах болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай. Монгол Улсад хууль ёс ялах болтугай” гэсэн юм.