ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Батжаргал: Хандив авахыг хуулиар зөвшөөрсөн байдаг

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-10-10

Авлигатай тэмцэх газраас хяналт шалгалтаар илэрсэн, зөрчилд хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалд хүргүүлсэн тухай цахим сайтуудаар мэдээлсэн билээ. Хандив авсан Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайханд ямар арга хэмжээ авсан болохыг бид аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай утсаар холбогдож тодрууллаа. 

-АТГ-ын хүргүүлсэн хариуцлага тооцох тухай албан бичгийн дагуу сумын Засаг дарга С.Баярсайханд ямар арга хэмжээ тооцсон бэ? 
-Энэ асуудал та бүхэнд тийм сонирхолтой байна уу. Сумын Засаг дарга авлига авсан хэрэг биш. Сумын Засаг дарга С.Баярсайхан нь компаниудаас дэмжлэг туслалцаа аваад төрийн зарим үйл ажиллагаанд зарцуулсан явдал.

-Хандив нэрээр мөнгө авах нь авлига биш гэж үү? 
-Уг үйл ажиллагааг зохион байгуулахдаа дээд албан тушаалтанд мэдэгдэх ёстой боловч мэдэгдээгүй гэдгээрээ буруутай болж харагдаад байгаа юм. Мэдэгдэхдээ заавал албан бичгээр танилцуулж зөвшөөрөл авсан байх ёстой. 

-Хандивын мөнгө авах нь хуулиар зөвшөөрсөн асуудал мөн юм уу. Та тэгэхээр арга хэмжээ авахгүй гэсэн үг үү? 
-Орон нутагт хандив, санхүүгийн дэмжлэг авч төрийн зарим үйл ажиллагаанд зарцуулахыг зөвшөөрсөн байдаг. АТГ-аас ирүүлсэн бичгийн дагуу Засаг даргыг гурван сар цалингийн  20 хувиар торгох сахилгын шийтгэл ноогдуулсан. 

-Компани аж ахуй нэгжүүдээс авсан хандивын мөнгөний захиран зарцуулалтад хяналт тавьж ажилласан уу?
-Аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс санхүүгийн аудитын хяналт хийсэн.