ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"УИХ-ын даргын томилгоог АН-тай зөвшилцөх шаардлагагүй"

O.Admin
11 цагийн өмнө

МАН-ын 31 дүгээр Их хурлаар намын даргаар сонгогдсон Н.Учрал, мөн шинэчлэн байгуулагдсан Бага хурлын анхдугаар хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар өчигдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус намын бүтэц бүрэлдэхүүний шинэлчлэл болон намын нарийн бичгийн дарга нарыг танилцуулав.

МАН-ын дарга Н.Учрал хэлэхдээ “Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрмээ өөрчилж, 100 гаруй зүйлд өөрчлөлт орлоо. Ингэснээр жендерийн тэгш байдлыг бүх түвшинд хангаж байна. Удирдлагын 40 хувь нь хүйсийн аль нэг төлөөлөл байх дүрмийг тусгаснаар намын Бага хурал, Удирдах зөвлөлд эмэгтэйчүүдийн төлөөлөл 40 хувьтай болж ирлээ. Мөн намын санхүүжилтийг ил тод болгохоос гадна ёсзүйн асуудлыг тухайлан тусгаснаар стандарт мөрдүүлэх, кодтой байх, намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхээр тусгаж өгсөн. Намын анхан шатны байгууллагын үүрэг оролцоог мөн нэмэгдүүлж өглөө.Бага хурал анхдугаар хурлаа хийж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг улираан ажиллуулах шийдвэр гаргаснаас гадна 39 гишүүнтэй Удирдах зөвлөлийн гишүүнийг баталж, орон тооны тав, орон тооны бус гурван нарийн бичгийн даргаа томиллоо.

Намын даргын хувьд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж явна. Тэр хүрээнд намын гишүүдийг оноожуулах, идэвхтэй байдлыг нь харгалзан үзэх журмыг батална. Мөн Удирдах зөвлөлийнхөө дэргэд мөрийн хөтөлбөрийг үнэлж дүгнэж, тайлагнадаг байнгын хороог байгуулж ажиллана. Удирдах зөвлөлд бүс болгоны төлөөллөөс сонгосны дагуу бүсийн зөвлөл байгуулж, бүс болгонд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, зорилго зорилтуудыг тайлагнах зарчмаар явна. Намын даргын хувьд нам дээрээ E4 стратегийг хэрэгжүүлэх болно. Орчин үеийн гишүүн төвтэй, хариуцлагатай нам болгоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлэхдээ “Бага хурлын гишүүд дандаа МАН-ын гишүүд байгаа. Ямар нэг өөр эвсэл, намаас хүн орж ирэх боломж байхгүй. Нэг намын гишүүн нөгөө рүү орох боломжгүй.

Манай нам сүүлийн жилүүдэд цахим бодлого хэрэгжүүлж, 300 гаруй гишүүн маань хурууны хээгээр бүртгэлтэй байгаа. Төрийн захиргааны албан хаагчид байхгүй. Ерөнхийлөгчийн тамгын газраас улс төрийн албан тушаал хашиж байгаа Бага хурлын гишүүн байсан зөвлөх, газрын дарга нар орж ирсэн. Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд дотоод асуудалд оролцохгүй.

Гэхдээ 30 гаруй жил ажиллаж байсан хүн учраас дэргэд нь байгаа хүмүүс намд орж ирээд ажиллахыг буруутгахгүй. МАН бол олонхийн санал авсан нам. 68 суудалтай намын хувьд УИХ-ын даргад хүнээ дэвшүүлнэ. Хэнийг дэвшүүлэх вэ гэдэг нь манай намын бодлого. Энэ асуудлыг улс төрийн бусад намтай зөвшилцөхгүй, ярилцахгүй. Ойрын үед УИХ-ын даргын томилгоог шийдэж, төрийг бүтэн болгоно. АН-ын бүлэг энэ даваа гарагт хуралдаж намын дарга УИХ-ын дарга хийж болохгүй гэх асуудлыг хөндсөн байна лээ. Түүнийг Их хурал дээрээ хэлэлцээд явах биз” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-УИХ-ын Дэд даргаас огцруулсан Х.Булгантуяаг ямар шалгуураар Удирдах зөвлөлд оруулсан бэ?

-Удирдах зөвлөлд тодорхой албан тушаалтнууд квотоор орж ирдэг. Х.Булгантуяагийн хувьд СДМЭХ-г удирдаж буй учраас тэр квотоороо орж ирсэн. Намын Их хурал зохион байгуулагдсанаар дэргэдэх ТББ-уудынхаа хурлыг шинээр хийх асуудал бол бий. Сайн ажилласан гэж үзвэл хурлаа хийгээд улираан сонгох боломжтой. Тэгж чадаагүй гэвэл дараагийн шинэ Ерөнхийлөгч сонгогдвол шинэ хүн нь ороод явна. Намын даргын хувьд би намын бүтэц, багаа өөрөө бүрдүүлнэ.

-Удирдах зөвлөл хэзээ хуралдах вэ. УИХ-ын даргын томилгоог хэзээ ярих бол?

-Намын Их хурлаар би Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангана гэдгээ мэдэгдсэн. Их хурлаас ч мөн ийм чиглэлийг гаргасан байгаа. Миний хувьд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, ирэх таван жилийн үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцүүлж байна.

Тиймээс миний бодлого зорилт Засгийн газрын бодлого үйл ажиллагаатай нийцэж буй учраас энэ Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэдэгт санал нэг байгаа. Засгийн газрын авлигатай, уул уурхайн хулгайтай тэмцэж буй бодлого, үйл ажиллагааг намын даргын хувьд бүрэн дүүрэн дэмжиж ажиллах болно.

Төрийн тогтвортой байдал дэлхий дахины энэ өөрчлөлтийн үед ч нэн чухал байгаа. Төсөв дөнгөж батлагдсан энэ үед Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаа хадгалж хамгаалахын төлөө явах болно. Намын Удирдах зөвлөл УИХ-ын даргын асуудлыг шийднэ. Олонхийг бүрдүүлж буй нам ямар шийдвэр гаргах нь намын дотоод асуудал. Хэнийг нэр дэвшүүлэхээ олонхи болсон нам шийднэ.

-Намаас хөөгдсөн гишүүдийн асуудлыг яах вэ?

Намын Их хурлаар Хяналтын ерөнхий хороог байгуулсан. Хяналтын ерөнхий хороо маань хараат бус байгууллага. Тал бүрийн төлөөллийг оруулсан байдаг. Тэндээс шийдвэр гарна. Хяналтын ерөнхий хороонд намын даргын хувьд үүрэг чиглэл өгөх боломж байхгүй. Тэдгээр 20 гаруй гишүүд ажлаа хийх байх.

Ёсзүйн олон өргөдөл ирсэн. Б.Энхбаяр гишүүний асуудлыг дахиж хэлэлцэх шаардлага ч үүсэх байх. Миний хувьд ёсзүй, сахилга хариуцлагыг нэгдүгээрт тавьж явна. Намын Удирдах зөвлөлд эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулж ирэхдээ эмэгтэйчүүдийн байгууллагаас саналыг нь авдаг. Энэ, энэ эмэгтэйчүүдийг бид оруулна аа гэвэл санал хурааж оруулдаг. Тэр зарчмаар эмэгтэйчүүд орж ирсэн.