ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Халзан бүрэгтэй ордын хайгуул судалгааны ажил хэвийн үргэлжлэхээр боллоо

O.Admin
3 цагийн өмнө

Өнөөдөр хуралдсан УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Халзан бүрэгтэй төслийн ерөнхий хяналтын сонсголын тайланг баталлаа.

Эргэн сануулбал, 2025 оны есдүгээр сарын 23-нд Төрийн ордонд “Халзан бүрэгтэй орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах” сэдвээр Ерөнхий хяналтын сонсгол болсон билээ. Сонсголыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалсан бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн төлөөлөл, иргэд, шинжээчид зэрэг 130 гаруй хүн оролцож нийгмийг талцуулаад байсан асуудлуудад нэг чиглэлтэй дүгнэлт гаргасан.

Үүнд: 

  • Хайгуулын шатанд байгаль орчны ноцтой нөлөө илрээгүй
  • Цацрагийн хэмжээ 1.67 микрозиверт/цаг байгаа нь эрүүл мэнд, мал амьтанд нөлөөлөх түвшнээс доогуур
  • Малын гажигтай төл цацрагаас үүдэлтэй гэх нотолгоо байхгүй
  • Ус, хөрсний бохирдлын шинж илрээгүй гэж үзсэн билээ. 

Улмаар сонсголын албан дүгнэлт дараах байдлаар гарчээ. 

  • Хайгуулын ажлыг үргэлжлүүлэх
  • Ордын нөөцийг бүрэн тогтоох
  • Байгаль орчны хяналтыг тогтмолжуулах
  • Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
  • Газрын ховор элементтэй холбоотой хууль, бодлогыг нэг мөр болгох
  • Цацрагийн хяналтын чадавхыг орон нутагт бэхжүүлэх

Уг сонсголоор гарсан дүгнэлт нь ийнхүү өнөөдөр холбогдох Байнгын хороодын хурлаар баталгаажсанаар Халзан бүрэгтэй ордын хайгуулыг урагшлуулж, цаашид хайгуул судалгааны ажил хэвийн үргэлжлэхээр боллоо.

Ингэснээр эдийн засгийн шинэ боломжууд нээгдэх юм. Тодруулбал, “Халзан бүрэгтэй” орд нь диспрози, терби, ниодим зэрэг өндөр технологийн үйлдвэрлэлд ашиглагддаг үнэт элементээр баялаг. Эдгээр нь цахилгаан машины хөдөлгүүр, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, хүнд үйлдвэрийн гол түүхий эд бөгөөд ордын хайгуулыг хариуцлагатайгаар үргэлжүүлэх нь Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх шинэ боломж юм.