ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ирэх оны нийслэлийн төсвийн суурь орлогыг 3.495.9 их наяд байхаар тооцжээ

O.Admin
57 минутын өмнө

НИТХ-ын ээлжит VIII хуралдаанд Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг танилцууллаа. Танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай хийлээ.

Тодруулбал,  ирэх оны нийслэлийн төсвийн суурь орлогыг 3.495.9 их наяд, суурь зарлагыг 2.616.8 их наяд байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөгөөр төлөвлөжээ.

Нийслэлийн төсвийн орлогын 82.7 хувийг татвар, 17.3 хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлэх бөгөөд зарлагын 35.1 хувийг урсгал зардалд, 46.7 хувийг хөрөнгийн зардалд, бусад гэсэн байдлаар зарцуулах байна. Нийслэлийн 2026 оны төсвийн төсөл Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өнгөрсөн онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.

Үүний дараа НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү горимын санал гарган Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг НИТХ-ын хороод болон МАН, АН-ын бүлгээр тус тус хэлэлцүүлэх санал гаргаж олонхын саналаар хэлэлцэж буй асуудлыг хойшлуулав. Ирэх даваа гарагт НИТХ-ын хурлын хороод хуралдана.