ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Өлзийсайхан Цэцээс татгалзаж, УИХ-ын Тамгын газарт эргэж ирнэ

O.Admin
53 минутын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдөр (2025.11.28)-ийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Лувсандоржийн Өлзийсайхан 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу Үндсэн хуулийн Цэцийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх хүсэлтээ ирүүлсэн юм.

Хэлэлцэх асуудалтай холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 64,2 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Лувсандоржийн Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг батлав.

Үүний дараа Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баасандоржийг үүрэгт ажлаас чөлөөлж, Л.Өлзийсайханыг томилох асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын дарга Н.Учрал “Л.Өлзийсайхан нь 2019, 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлан оролцож, Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан.

Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын эрх зүйн орчны болон бусад шинэтгэлийг гүнзгийрүүлж, Монголд парламентын ардчиллыг бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж ирсэн бөгөөд энэхүү мэдлэг, ур чадвар, туршлага нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амьдралд бодитой хэрэгжүүлэх, үр нөлөөг сайжруулах асуудал чухлаар тавигдаж буй энэ цаг үед онцгой ач холбогдолтой гэж үзэж энэхүү албан тушаалд нэр дэвшүүлж байна” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой Ардчилсан намын бүлэг хоёр цагийн завсарлага авав.

Чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад таван жилийн үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсэг сайн ажилласныг хуралдаанд оролцогч гишүүд дурдан асуулт асууж саналаа хэлэв.