ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амьдралаа автобусанд яриад яах юм бэ

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-10-11

Би хүсээгүй хэр нь хажууд зогсож буй залуу бүсгүйн амьдралыг нэвт тольдлоо. Тэрбээр хэн нэгэнтэй утсаар ярина. Замын түгжрэлд гацсан нийтийн тээврийн автобусанд хагас цаг дүүжигнэн зогсох хүмүүс амьдралын түүхийг нь үнгэгдсэн номын хуудас эргүүлэх мэт сонжиж сонссон юм. Чанга дуугаар тас, тас инээж, хэн нэгнээр тохуурхан, жуумалзах бүсгүй эргэн тойрноо үл анзааран, орчноосоо тасарч гав ганцаараа гэртээ байгаа мэт аяглж аальгүйтнэ.

Хүмүүс түүнд шууд хандаж хэлээгүй ч гэсэн утсаар нам дуугаар яриасай хэмээн хүсэж байгаа нь нүүрний хувирлаас нь харагдаж байлаа. Дээрх тохиолдлоос харахад чиний эрх миний эрхээр хязгаарлагдана хэмээх өдөр тутмын амьдралын алтан дүрмийг санаж үйлдэл хөдөлгөөнөө анзаарч баймаар санагдав. Энгийнээр хэлбэл, нийтийн тээвэр, гудамж, талбайд гар утсаар ярихдаа дэргэдэх хүндээ төвөг удалгүй аядуу зөөлөн ярихыг хүсье. Ажлын өрөө албан тасалгаандаа олуулаа суудаг бол хамт олноо хүндлээд өрөөнөөс гарч утсаар ярих нь соёлтой хүний зан мөнөөс мөн.

Харамсалтай нь бид тэгж сураагүй байна. Гэхдээ бүдүүлэг гэдгийг мэдсээр байж ийм үйлдэл удаа дараа гаргах хүн ховор биз. Биеэ зөв соёлтой авч явахад нас, хүйс, ажил мэргэжил огт хамаагүй. Гэрийн хойморт залрах цэнхэр дэлгэцийн мэдээний дундуур төрийн өндөр албан тушаалтнууд гадаад дотоодын өндөр зэрэглэлийн уулзалт хурал, чуулган болоод гэрээ хэлцэл бататгах үйл ажиллагааны хажуугаар ухаалаг утсаа илж харагддаг. Үлгэрлэл зөвийн жишээ баймаар өндөр албан тушаалтнууд буруу зуршлаа жижиг гэлтгүй анхаарч гар утасны зөв хэрэглээг хэвшүүлж хотын соёлд магнайлахыг уриалж байна.