АНУ-ын Геологийн алба (USGS) -аас мэдээлснээр Венесуэлийн нийслэл Каракас хотоос баруун хойд зүгт 7.1, 7.5 магнитудын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлт (2026.06.25) боллоо. Газар хөдлөлтийн голомт Карибын тэнгисийн эрэгт Морон суурингийн орчимд 13 км-ийн гүнд бүртгэгдсэн байна.
Хүчтэй чичирхийлэл тус улсын хэд, хэдэн мужид мэдрэгдсэн бөгөөд хамгийн хүнд нөхцөл байдал газар хөдлөлтийн голомтоос 168 км-ийн зайд орших нийслэл Каракас хотод үүссэн. Тус хотын хүн ам шигүү суурьшсан Альтамира дүүрэгт орон сууцны болон бусад барилга байгууламж нурсны улмаас өнөөдрийн байдлаар 188 хүн нас барж, 1500 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Үндэсний удирлага, зохицуулалтын төв байгуулагдсан бөгөөд тус төвд Венесуэлийн Улаан загалмай (RC) болон НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн асуудлыг зохицуулах газар (OCHA)-ын төлөөлөл хамтран ажиллаж байна.
Венесуэлийн Ерөнхийлөгч газар хөдлөлтийн гамшгийн хариу арга хэмжээний хүрээнд Латин Америкийн бүх Хот дотор эрэн хайх, аврах (USAR) багууд болон АНУ-ын багуудыг тус улсад нэвтрэн ажиллахыг зөвшөөрөөд байгаа бол гамшгийн голомт руу АНУ, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Эль Сальвадор, Катар Улс эрэн хайх, аврах багаа тус тус илгээсэн байна.
Тус газар хөдлөлт нь сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд Венесуэл улсад тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүд гэж үнэлэгдэж байгаа бөгөөд хүн ам шигүү суурьшсан бүсүүд ихээр өртсөн юм.
