Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамнаас шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдүүлж, агуулах, сав барих болон өргөтгөх ажлыг дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд “Морьт Говь Ойл” ХХК-ийн шинээр барьсан, тус бүр нь 1000 метр кубын багтаамжтай, нийт 3000 метр кубын багтаамж бүхий газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах өнөөдөр (2026.11.13) ашиглалтад орлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлж, 3–6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан. Энэ хүрээнд нийт 300 мянган метр кубын багтаамжтай агуулах, сав шинээр барих, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна.
Уг зорилтыг хэрэгжүүлэхээр Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яам арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн боломжийг бүрдүүлснээр 18 аж ахуйн нэгжийн 22 байршилд агуулах барих, өргөтгөх ажил хэрэгжиж байна.
