Гурван настай бяцхан охиноо энгэртээ нааж, салхинаас халхлан алхах жаргалтай аав. Машиныхаа цонхыг бага зэрэг онгойлгочихоод эргэн тойрон алхах хүмүүсийг анхааралтай ширтэж, зам хөндлөн гүйсэн нэгнийг уриалгахан урдуураа гаргах цэмцгэр залуу. Гэрлэн дохиогоор гарах гэж таягтай бүдчих эмээг түшиж явсаар зам гаргаж өгөх сурагчийн цүнхтэй бяцхан “баатар” эр. Өглөө эртлэн хаалгаа нээчихээд орчин тойрноо нямбайлан шүүрдэж зогссон кофе шопын эздийн амар амгалан царай гээд эргэн тойронд минь заримдаа энгийн атлаа аз жаргал, халуун дулаан уур амьсгал мэдрүүлэх олон зүйл тохиолддог юм. Нийслэлийн өнгө төрхийг эерүүлэх олон сайхан хүмүүс биднийг тойрон хүрээлж байдгийн тод жишээ нь тэд. Эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, их хотод амьдрах энгийн л дүрмээ биелүүлж буй тэдэнд та “баярлалаа” гэж нэг ч удаа болов хэлж үзсэн үү.
Өөрөөр нь бахархаж байгаагаа заавал хэлээд үзээрэй. Тэд илүү их хичээнэ, бас урамшина. Ямар олон хүнд энэ үйлдлээрээ үлгэрлэж байгаагаа мэдрэх болно. Кофе уухаар ширээнд суухад уриалгахан үйлчлэх бүсгүйд, үйлчилгээний байгууллагаар ороход угтаад зогсож байгаа жижүүрт таны урмын үг дутагдаж байгаа юм биш биз. Хийх ёстой ажил нь юм шиг хандаж урмыг нь битгий хугалаарай. “Баярлалаа” гэх ганцхан үгний ид шид бүтэн өдрийн ажилд ч урам өгдөг шидтэй байдаг юм. Өглөө бүр ажилдаа орж ирэхэд манай байгууллагын угтагч эгч “Сайхан амарсан уу” хэмээн биднийг угтдаг юм. Нүдэнд дулаахан тэр бүсгүйн халуун дулаан үг урд шөнийн дутуу нойр, ажилдаа хоцрох нь гэж тэвдсэн бухимдлыг тэрхэн зуур үргээчихдэг нь гайхалтай.
Орж, гарах бүрт аанай л инээмсэглэн үдэж гаргана. Ороод ирэхэд ч инээгээд л сууж байна. Ар гэрт нь асуудал байсан ч ажил дээрээ гаргахгүй хадгалж, хүн бүхэнтэй хүндэтгэлтэй хандаж сурна гэдэг их хотын хамгийн том соёл. Гурван давхрын тэр олон хүмүүстэй нэг зангаараа, өнөөх л дулаан инээмсэглэлээр мэндлэх бүсгүйн амьдралд ч асуудал байдаг биз. Гэвч тэр ажил дээрээ энэ бүхнээ гаргадаггүй. Хөмсөг зангидсаар орж ирэх нэгэнтэй ч мэндэлж, инээмсэглэлээр “шагнаад” өрөө рүү нь оруулдаг. Түүн шиг гэгээн бодолтой хүмүүс бидний эргэн тойронд олон бий. Тэр болгонд та баярлаж, талархсан сэтгэлээ заавал илчилж байгаарай. Бусдаас сайн сайхныг харамлахын хэрэг юун. Угтагч эгчдээ баярлалаа.