“Нарантуул” олон улсын худалдааны төвөөс хөдөө орон нутаг руу зорчигч тээвэрлэж байгаа үйл ажиллагааг хууль ёсны зөвшөөрөлтэй цэг, маршрутад шилжүүлэхээр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Тээврийн цагдаагийн газартай хамтран ажиллаж байгаа аж. Энэ ажлын хүрээнд ирэх дүгээр сарын 01 -ний өдрөөс эхлэн “Нарантуул” ОУХТ-өөс зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа “Ертөнц тур” ХХК-ийн гэрээтэй Архангай аймгийн Жаргалант сумын чиглэл, “Автобус та”в ХХК-ийн гэрээтэй Төв аймгийн Баянжаргалан сумын чиглэлийг Сонгино хайрхан зорчигч тээврийн төвөөс /драгон төв/, “Буманзамт” ХХК-ийн гэрээтэй Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэл, Очирмөнх хайрхан хоршооны гэрээтэй Говьсүмбэр аймгийн Чойрын чиглэл, Хийморийн зам хоршооны гэрээтэй Төв аймгийн Баян сумын чиглэлийг Баянзүрх зорчигч тээврийн төвөөс тухайн чиглэлд тээвэрлэлтэд гаргахаар өөрчлөн шилжүүлэхээр шийдвэрлээд байна.
Дээрх өөрчлөлтийг хийснээр “Нарантуул ОУХТ орчмоос хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгслээр хулгайгаар буюу зөвшөөрөлгүйгээр зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгааг таслан зогсоох. Мөн хяналт тавих нөхцөл бүрдэж орон нутгийн замд гарч зам тээврийн осол аваар буурч хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах ач холбогдолтой юм. Нарантуулаас өдөртөө 14 аймгийн 31 чиглэлд 1000 орчим иргэн зохих зөвшөөрөлгүй шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр хөдөө орон нутгийн чиглэлд зорчиж байна гэсэн судалгаа байдаг. Хууль бусаар тээвэрлэлт хийж байгаа эдгээр тээврийн хэрэгслүүд нь өндөр насжилттай, стандартын дагуу зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүд байдаг байна.