ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Оюундарь: Миний хүү жижиг бизнес эрхлэх гэж ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-29

ЖДҮ-ийг дэмжих сангаас УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд маш их хэмжээний зээл авсан дуулиан үргэлжилж байна. Зээл авсан гишүүдийн нэрс ч нэмэгдсээр байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Red star club” гэдэг компани ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авчээ.

Энэ талаар гишүүн тайлбар өгсөн байна. Тэрбээр “П.Сэргэлэн сайдын үед шалгуурыг нь хангаад, манай хүүгийн компани зээл авахаар болсон. Тухайн үедээ төсөв хүрэлцэхгүй байсан учраа авч чадаагүй. Тэр нь 2016 он байсан байх аа. Тэгээд Б.Батзориг сайдын үед авсан.

Би зээл авахад нөлөөлөөлгүй. Надаас ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл гэж бага хүүтэй зээл байдаг юм байна. Энэ зээлийн хөтөлбөрт хамрагдая гэж асууж байсан.  Бүх шалгуурыг нь хангаад, ном журмынх нь дагуу л авсан.  ЖДҮ-ийг дэмжих сан байна уу, бусад зээлд мэдээлэл сайтай хүн л хамрагдах магадлал өндөртэй байдаг.

Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй байгуулахаар зээл авсан. Сэлэнгийн ард иргэдтэй хамтраад ажиллаж байгаа. Ийм л жижиг бизнес эрхлэхээр зээл авсан.  Зээлийн төлөлт нь тэр аж ахуйн нэгжийн л асуудал” хэмээн тайлбар өглөө.