ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өнгөрсөн үеийн Тавантолгой, өнөөдрийн Тавантолгойг жишвэл...

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-01

Нийтлэлээ  энэ удаа сайн мэдээгээр эхлүүлье. Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцлөөр “Тал нутгийн хөгжлийн зам” компанитай концессын гэрээ байгуулах шийдвэр гаргалаа. Тус компани хоёр жилийн дотор замаа ашиглалтад оруулах ёстой аж. Сардаа 4-5 хүний алтан амь, хэдэн арван тэрбум эд хөрөнгийн хохирол учруулж буй түмэн нөхөөсөөр дүүрсэн энэхүү замыг шинэчилж барина гэдэг тэнд ажиллаж амьдарч, ахуйгаа залгуулж буй олон мянган жолооч нарт бага ч гэсэн гэгээ татуулсан мэдээ болов. Замын энхэл донхол, хагархайг тойрох гэж дарахдаа хажуу талын машинаа мөргөдөг, улмаар амиа алддаг, хөл толгойгоо ч олохгүй шороон дундуур хэдэн мянган машины цуваа хөвөрдөг гамшигт нөхцөл байдал багахан ч гэсэн өөрчлөгдөнө гэсэн үг. 

Нөгөөтээгүүр, нүүрсээ төмөр замаар гаргах асуудал ч шат шатанд яригдаж, ажил хэрэг болох эхлэлээ тавиад явж байх юм. Ингэснээр нүүрс тээвэрлэх өртөг багасч, цаашлаад тэнд ажиллахын тулд ар гэрийн амьдрал, эрүүл мэндээ үрж буй олон мянган залуусын асуудал цэгцэндээ орох учиртай. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зорьж очсон томилолт, Ерөнхийлөгч Х.Баттулгын удаа дараагийн шаргуу уулзалт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг удирдаж суугаа Б.Ганхуягийн хичээл зүтгэл талаар өнгөрсөнгүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийг удирдаж буй Д.Сумъяабазар сайд ч үүнд хамаатай. Хэдхэн жилийн өмнө МАН-ынхан сонгуулиар бэлэн мөнгө болгож тараасан Чалкогийн өрийг төлөх гэж чардайдаг, тэндээс өөр ашиг гаргаж чадахгүй алдагдалтай ажиллаж байсан компани өдгөө нүүрээ угаасан юм шиг өөрчлөгдлөө. Уншигч та санаж буй бол өнгөрөгч наймдугаар сард тус компани блокын аргачлалаар 5.1 тэрбум байсан ордын нөөцийг шинэчилж, нэгдсэн тайлангаар зургаан тонн, нэмэлт хайгуулын дүнд 340 сая тонн нүүрсний нөөцийг нэмэгдүүлэн, батлуулж байв. Ингэснээр олон улсад хүлээн зөвшөөрөгддөг “Жорж” стандартаар 7.3 тэрбум байсан ордын нөөцийн хэмжээ 7.6-8 тэрбумтай дүйцэж, тэр хэрээр компанийн үнэ цэнэ өсөж байлаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэний үр дүнд Тавантолгойн төсөл хөтөлбөр эхлэхээр болж, Олон улсын хөрөнгийн биржид IPO гаргах бэлтгэл ажил дуусах шатандаа орж байна.

Ингэснээр бидний халаасанд олон жил үнэ цэнэгүй “хэвтэж” байсан 1072 хувьцаа үнэд орж, тун удахгүй иргэд жилд 2-3 сая төгрөгийн ашгийг зөвхөн хувьцаанаасаа хүртэх сайн цагийн эхлэл ирлээ. Хувьцааны бэлтгэл ажил ч эхэлчихжээ. Цаашлаад 2017, 2018 онуудад 40 сая дахь тонн нүүрсээ олборлож, санхүүгийн хувьд бэхжсэн тэргүүлэх компани болохоо илтгэв. Гэтэл ердөө л гурав, дөрөвхөн жилийн өмнө Тавантолгойг Хятадын төрийн өмчит “Шинхуа Энержи” компанид 100 жилээр шилжүүлэх гэж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр, Монгол Улсын сайд асан М.Энхсайхан нар улайрч явсныг Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа. 2012 оны сонгуульд ялалт байгуулахын тулд Чалко компаниас мөнгө зээлж, түүнийгээ бэлэн мөнгөөр тараасан өнөөгийн эрх баригчдын үйл лайг Тавантолгой бүтэн зургаан жил нуруун дээрээ үүрэв. 2017 оны сүүлээр эцсийн төлөлтийг хийснээр өрийн дарамтаас чөлөөлөгдөж, өдгөө үндэсний тэргүүлэгч компани, бүр шилдэг татвар төлөгчөөр шалгарч эхэлжээ. Монголын топ компаниудын нэгийг ашиггүй хэмээж 100 жилээр гадныханд өгөх гэж байсан өнгөрсөн бараан түүхийг өнөөдөр сэргээгээд яах ч билээ. Гэвч монголын хамгийн их хувьцаа эзэмшигчидтэй, топ 100 ААН-ийн нэг,  Монгол Улсын 2.511.000 иргэн, 486 аж ахуйн нэгжийг балансдаа бүртгэж, албан ёсоор Монголын хамгийн их хувьцаа эзэмшигчидтэй компани болж чадлаа, тэд.

Ийм компанийг ашиггүй хэмээн ад үзэж, хувьцаа чинь мөрөөдөл гэсэн хоосон тархи угаалтаар мунхруулж орхиод гадныханд зарах гэж байжээ. Өнгөрсөнд шавартайгаа зууралдаж, өрнөөсөө өндийж чадахгүй байсан компани өдгөө өөрчлөгдөж чадсан нь сайн удирдлагын үр дүн гэж хэлэхэд хэтийдэхгүй билээ. Энэ компанийг удирдаж буй Б.Ганхуяг нь чадварлаг залуу боловсон хүчин учраас арай өөр сэтгэлээр байгууллагаа удирдаж чадаж байна гэж үнэлэх хүн олон байгаа юм. Хэтийдсэн магтаал биш л дээ Мөн анх удаа Төрийн гурван өндөрлөг нь Ухаа худаг, Тавантолгойтой ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй байгаа учраас санаанд оромгүй хурдан хугацаанд Тавантолгой хөл дээрээ босч чадлаа. Бод доо, хагас жилийн байдлаар л 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, төсөвт 1.26 их наяд төгрөгийн орлого оруулж, бүр 78 хувийг бүрдүүлж байгаа компанийг яаж бодоод ашиггүй ажилласан гэж тооцсон юм бол. Төсөвт төвлөрүүлэх 285 тэрбумаа ердөө л хагас жилийн хугацаанд олж байна гэхээр хувьцаанаас ашиг хүртэх бидний хүсэл “мөрөөдөл” байхаа болино гэдэг нь тодорхой байгаа биз. IPO-гоо амжилттай гаргаж гэмээнэ өнөөдрөөс ч ашигтай ажиллана гэдгийг Б.Ганхуяг дарга хэлсэн байна билээ.

Энэ эрчээ л алдахгүй ажиллах нь чухал байна. Улс төрийн ашиг сонирхлоор асуудлыг гацаах гэсэн хэн бүхний өөдөөс зоригтойхон сөрж зогсоод ашиг сонирхлын зөрчилгүй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Уул уурхайн сайдтайгаа нэгдэж нийлээд урагшилж гэмээнэ “Оюутолгойгоос хэзээ нэг өдөр орлого орж ирнэ дээ” хэмээн тогооны жижиг хусам горьдож сууснаас л дээр байх билээ. Хүүхдийн 20 мянга, халамжийн 40 мянгаа горьдож суудаг цаг үед ард үлдэж, иргэн бүр газрын доорх баялгаасаа ашиг хүртэх сайн цагийг үзэх биз. Тэр боломжийг өгөхийг тулд “Эрдэнэс Тавантолгой” компанийн залуус шуурхай ажиллаж байгаад талархууштай. Энэ эрч хүчээ битгий алдаарай. Тавантолгойг өнгөрсөнд ашиггүй хэмээн зарах гэж байсан уул уурхайгаар хөлжсөн бизнесийн бүлэглэлийн буруу байсныг нотлоосой гэж хүсье.