ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жолооч нар аа, дүрмээ мөрдөөрэй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-01

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ.  Шинэчилсэн дүрэмд хэнэггүй жолооч нарын гаргадаг хэтэрсэн үйлдлүүдийг хязгаарлаж өгчээ. Урсгал сөрж давхиад, дураараа замын хөдөлгөөнд оролцдог жолооч зөндөө бий. Хоёрхон эгнээтэй замаар өөр өөрийн урсгалаар явж байхад ганцаараа яарч байгаа аятай урсгал сөрж давхидаг жолооч нар олон байгааг нуух аргагүй. Өглөө болгон тийм үйлдэл хийдэг 5-10 жолоочтой таарч байна. Өнөөдрөөс урсгал сөрвөл 50 мянган төгрөгөөр торгож, зургаан сараар эрх хасах аж. Хотын гэрэлтүүлэгтэй замаар холын гэрлээ асаачихаад, эсрэг урсгалаар явж байгаа машины жолоочийн нүдийг гялбуулдаг хэнэггүй хүмүүс олон.

Тэгвэл холын гэрлээ шилжүүлээгүй бол 20 мянган төгрөгөөр торгох гэнэ. 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудал ашиглаагүй бол 50 мянган төгрөгөөр торгохоор зааж өгчээ.  Жолооч нар орж ирсэн машин авчихаад хамгийн түрүүнд суудлын бүрээс хийлгэдэг. Дараа нь чимэглэнэ, гоёно. Өвлийн дугуй авна.  Тэгсэн атлаа бага насны хүүхдээ суулгах суудлыг хэдэн төгрөг зарцуулаад авчихаж чаддаггүй. Хүүхдийг зориулалтын суудалд суулгаж яваагүйгээс болж гэмтэх тохиолдол ч маш их гарч байна. Тиймээс жолооч нар минь хүүхдийн зориулалтын суудал авчихаарай. 50 мянган төгрөгөөр торгуулснаас дээр биз дээ. Цаашлаад таны хүүхдийн амь нас бас чухал шүү дээ. Ер нь бүгдээрээ дүрмээ биелүүлж сурья. Дүрмийнхээ дагуу, нэгнээ хүндэтгэж, зам тавьж өгөөд, эгнээ байраа зөв эзлээд, явган зорчигчдоо зам тавьж өгөөд явчихвал бухимдах шалтгаан гарахгүй. 20, 50 мянган төгрөгөөр торгуулах шалтгаан ч байхгүй болно.