“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар нэгтгэлийн 492 жолооч нарыг оролцуулсан “Уран жолоодлого-Ур чадвар”-ын тэмцээн зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Уг тэмцээн нь нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сурган чадавхижуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх үндсэн зорилготой. Тэмцээнд оролцож буй жолооч нараас хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандарт, техникийн онолын тестээр шалгалт авснаас гадна жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадварыг нь сорьсон байна. Өнгөрсөн аравдугаар сарын 12-ноос эхэлсэн тэмцээн хоёр шаттай явагдсан бөгөөд эхний хэсгээс 21 жолооч үлдэн аваргын төлөө өрсөлдсөн аж. Нэгдсэн дүнгээ гаргахад хоёрдугаар баазын жолооч Т.Энх-Амгалан 1 дүгээр байр, нэгдүгээр баазын жолооч Б.Уранбат 2 дугаар байр, нэгдүгээр баазын жолооч Д.Ууганбаяр 3 дугаар байр эзэлжээ.