ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Солтан бүр цайрчихаж

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-06

ЖДҮХС-гаас зээл авсан улстөрчид эхнээсээ авсан зээлээ эргүүлэн төлж, зарим нь олон нийтийн өмнө болсон болоогүй уучлалт гуйж байна. Өнөөдөр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд оролцох үедээ “Зээл авсан гишүүд ард түмнээсээ уучлалт гуйгаарай. Үгүй бол ирэх сонгуулиар нэр дэвшүүлэхгүй” хэмээсэн.

Үүний дагуу Б.Батзориг гишүүн сайдын ажлаа өгөхдөө “Би ард түмнээсээ, мөн хайрт ээжээсээ, цаашлаад салбарын хүмүүсээсээ уучлалт гуйж байна” хэмээсэн юм. Тэгвэл Монгол шаазан компаниар дамжуулж, 950 сая төгрөгийн зээл авсан Г.Солтан гишүүн бүүр цайчихаж.

Ерөнхий сайдын шаардлагын дагуу уучлалт гуйх эсэхийг тодруулсан сэтгүүлчдийн асуултад тэрбээр “МАН-ын даргыг хүндэлж байна. Гэхдээ уучлалт гуйхгүй байх гэж бодож байна. Ер нь зээлээ эргүүлж төлнө. Гэхдээ тэр чинь их мөнгө. Судлаж үзнэ” гэсэн утгатай мэдэгдэл хийв. Тун ч доогтой, жуумалзаж ирээд л уучлалт гуйхгүй гэж мэдэгдлээ. Өнөөх олон хулгай хийсэн хүн сүүлдээ ичих булчирхайгүй болдог гэгчээр баялаг бүтээгчдийн мөнгөнөөс халаасалчихаад “уучлалт гуйхгүй” хэмээн пээдэлзэх Г.Солтандаа өлгийчүүд нь хариуцлага тооцно гэж найдъя.